Банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор Засгийн газар “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авах ажээ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Зээлийн хүү Лондоны банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

2016 оны байдлаар банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсөж, эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрээд байгаа ажээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn