“Түмэн шувуут” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болдтой ярилцлаа.

Танай компани энэ жилийн анхны IPO-г хийж байна. Бас хөдөө аж ахуйн цогц шийдэл болсон таван төслийг хэрэгжүүлэх мөнгө босгох гэж буй хувийн хэвшлийн анхны компани гэдгээрээ ялгарч байна уу?

Тиймээ, манай компанид ийм онцлог бий.


“Түмэн шувуут”-ын хувьцааны арилжаа эхлээд арав хоночихлоо. Хүмүүсийн хандлага ямархуу байна вэ?

Монголын ард түмэн “Түмэн шувуут”-ыг мэддэг, бүтээгдэхүүнийг нь хэрэглээ болгочихсон, компанийн талаар эерэг ойлголттой явдаг гэдгийг  илүү тод мэдэрлээ. Гэхдээ хөрөнгийн зах зээлд хандах иргэдийн итгэлд бага зэргийн эргэлзээ ажиглагдсаныг нуух юу  байх вэ.

Энэ зах зээлд мөнгөө хийсэн, хувьцаат компаниудын хувьцааг худалдаж авсан хүмүүсийн цөөнгүй нь хаширсан, болгоомжилсон хандлагатай байна. Ерээд оны хувьчлалын дараа хувьцаат компаниудад ажиглагдсан сул тал бий л дээ. 

Компанийн хувьцааны тавиас дээш хувийг нэг гэр бүл  авчихсан нийтлэг зураг бий.  Ийм шалтгаанаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөөр ирсэн нь харагдлаа.  Хурлаа хийдэггүй, жил бүр тайлангаа тавьдаггүй, ногдол ашгаа хуваарилдаггүй, ашгийг нь ганцхан гэр бүл хүртдэг компаниуд давамгайлсан нь иргэдэд эргэлзээ төрүүлжээ.

 Орчин үед хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч ирж буй компаниудын өмнө  иргэдийн итгэлийг сэргээх хариуцлага иржээ гэж харж байна. “Та нар үнэхээр ашигтай ажиллах уу, ногдол ашгаа жил бүр тараана гэдэг чинь үнэн үү” гэсэн утгатай асуултыг олноороо тавьж байна.


Жил бүр ногдол ашиг тараана гэхээр гайхаж хүлээж авч байна уу?

Өмнөх компаниудын буруу жишиг хандлага хөрөнгийн зах дээр хувьцаатай иргэдэд  ийм эргэлзээ төрүүлчихэж. Манай компани хөрөнгийн зах зээлийн дэлхийн жишиг хандлагаас хазайхгүй.

Хувьцаа эзэмшигчдэдээ ээлгүй, буруу аргаар явсан компаниудын ихэнх нь үүдээ барьсан. Бүхэл бүтэн нэг компанийн ашиг, өгөөж  ганцхан гэр бүлийг сайхан амьдруулахын төлөө зориулагдаад дуусч болохгүй л дээ.

Хэрвээ бид энэ зах зээлийг зарчим, жамыг эвдэж буруу ажиллавал компаниа хөгжүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл буруу ажиллавал хувьцаа эзэмшигчдэд хохиролтой ч гэлээ хамгийн том хохирлыг нь бид өөрсдөө амсана.

 Жижиг хувьцаа эзэмшигчид жижгээр хохирно. Хяналтын багцыг эзэмшиж байгаа том хувьцаа эзэмшигчид буюу бид маш томоор хохирно. Хөрөнгийн зах зээлийн жамыг сөрлөө л бол бидний өнөөг хүртэл босгож бий болгосон үнэ цэн, ашиг, өгөөж алга болно шүү дээ. Энгийнээр бодоход л хувьцааных нь ханш унасан компани өөдөлж, сэргэхгүй.


Хувьцааны ханш нь хэд дахин өссөн, хөрөнгийн зах зээлийн ашиг өгөөжийг хүртсэн шиг хүртэж яваа компаниуд бас цөөнгүй бий. АПУ-гийн хувьцаа гэхэд л 160 дахин өссөн байх аа?

Тэгсэн. АПУ-гийн хувьд их наяд давсан үнэлгээтэй анхны компани болчихлоо. Сүүлд IPO хийсэн хэр нь хувьцааных нь ханш өндөр өсөлттэй яваа компаниуд ч байна. “Лэнд.мн”-ийн хувьцаа гэхэд л гурав дахин өслөө.

“Монгол шуудан”-гийн хувьцааг хоёр жилийн өмнө 180 төгрөгөөр авч байсан бол өнөөгийн ханш нь 600 төгрөг. Гурав дахин өссөн гэсэн үг. Гурван жилийн өмнө мөнгөө банкинд хадгалуулсан бол 30 гаруй хувиар л өснө.

 Гэтэл хөрөнгийн зах зээлээс зөв компанийнхаа хувьцааг худалдаж авсан хүмүүсийн хүртэх өгөөж арав дахин ихэссэн байгаа биз. Хөрөнгийн зах зээлийн хамгийн том давуу тал нь энэ л дээ.  Ийм өндөр өгөөжийг иргэддэээ бий болгохын тулд Монголын компаниуд  хувьцаат компанийн хэлбэрээр ажиллах ёстой. Хүнд өгнө гэдэг сайхан мэдрэмж. 



Танай компани жил бүрийн цагаан сарын өмнө цэвэр ашгийнхаа таван хувийг ажилчдадаа тараадаг уламжлалтай. Бараг компанийн соёл шахуу болчихсон энэ хандлагыг чинь анзаарсан хүмүүст бол “Түмэн шувуут ногдол ашгаа жил бүр тараана” гэсэн мэдээлэл итгэлтэй сонсогдсон байх. Танайх ажилтнууддаа өөр ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Ер нь ямар ч компанийн амжилтыг ажилтнууд нь л бий болгодог. Манай  компани байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл зөв хандлагатай, зөв сэтгэлтэй хүмүүстэй л хамтарч ажиллана гэсэн чиг барьж ирсэн.

Таны сая хэлсэнчлэн компанийнхаа цэвэр ашгийн таван хувийг жил бүр ажилчдадаа тараадаг. Энэ жил гэхэд манай компанийн 170 гаруй ажилтан цагаан сарын өмнө нэг сая гаруй төгрөг авна.  Өнгөрсөн жилийн аравдугаар сард ажилчдынхаа цалинг тус бүрд нь 200 мянган төгрөгөөр нэмсэн.

Энэ жил  дахиад 200 мянган төгрөгөөр нэмэхээр ажиллаж байна.  Гэхдээ шууд биш, бүтээмжээ нэмэгдүүлж байж нэмнэ гэсэн зорилго тавьчихсан. Ипотекийн зээлд хамрагдсан сайн ажилчдынхаа хоёр жилийн хугацаанд төлөх зээлийнх нь  хүүг компани даадаг.

Холоос явдаг ажилчдаа амьдруулах халуун, хүйтэн ус, ариун цэврийн өрөөтэй байрыг компанийнхаа дэргэд барьсан. Манай компанид нэг философи, зарчим бий. Ажилтнуудаа хөдөлмөрч, зөв дадалтай, бэрхшээлд шантардаггүй болгох нь бидний үүрэг гэж хардаг.

Хэрвээ компани бүр ийм хандлагатай болчихвол улс хөгжих асуудал биш. Сэтгэлийн хаттай, ажлын ачаалал даах чадвартай хүмүүс олшрох тусам улс хөгжнө.



Тэгэхээр “Түмэн шувуут”-ын хувьцааг худалдаж авсан хүмүүс хоёр төрлийн ашиг хүртэнэ гэж ойлголоо. Эхнийх нь хувьцааны ханшийн өсөлтийн өгөөж, дараагийнх нь жил бүрийн ногдол ашиг байх нь. Ингэхэд танай компани өнгөрсөн жил хэр ашигтай ажиллав, дараа жилийн ашгийн тооцоогоо гаргасан уу?

Өнгөрсөн жил манай компани зөвхөн өндөгний аж ахуй, тэжээлийн үйлдвэрээсээ хоёр тэрбум 662 сая төгрөгийн ашигтай ажилласан.  Ирэх жил 3.5-4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэсэн тооцоо хийгээд байна.


Хувьцаа эзэмшигчдэдээ хэчнээн хувийг нь ноогдол ашиг хэлбэрээр тараах вэ?

Хувьцаа эзэмшигчдэдээ цэвэр ашгийнхаа 30 хувийг хуваарилна. Цаашдаа жил бүр хуваарилаад явна.

2022 он гэхэд манай компанийн татварын дараах цэвэр ашиг 12 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо гарсан.  Өөрөөр хэлбэл жил бүр ногдол ашигт  дөрвөн тэрбум төгрөг хуваарилна гэж ойлгож болно.

Жил алгасалгүй ногдол ашиг хуваарилаад ирэхээр хүссэн хүсээгүй хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ. Тодруулж хэлбэл манай компанийн хувьцааг авсан хүн таны түрүүн хэлсэнчлэн  нэгдүгээрт ногдол ашгаа хүртэнэ.

Хоёрдугаарт хувьцаа нь үнэ цэнэ орж 3-5 жилийн дотор гурваас тав дахин өснө гэсэн тооцоолол хийж байгаа.


Хүмүүс ер нь хэчнээн төгрөгөөр хувьцаа авч байна?

Энэ удаа дундаж давхаргынхан олноороо орж ирж байна. Чинээлэг давхарга өргөжөөсэй гэдэг нь үнэн юм байна. Манайх хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум төгрөг босгох зорилгоор IPO хийж байгаа. 

10 сая төгрөгөөр мянган хүн хувьцаа авчихад л гүйцэх ажил. Мянган хүн арван сая төгрөг оруулахад л болоо. 100 хүн 100 сая төгрөг хийхэд бидний хүсч байгаа хөрөнгө босно. Хоёр өрөө байрны үнийг 100 хүн хийчихэд захиалга гүйцнэ гэсэн үг. Үнэтэй тансаг хаус гэвэл 10 хаусны л үнэ.

Хөрөнгийн зах зээлийн өгөөжийг иргэд мэдрээд эхэлсэн нь маш тод анзаарагдаж байна шүү.  10 сая төгрөгөөр хувьцаа авлаа л гэж байна. Хүүхдийнхээ  хадгаламжид байсан  таван сая төгрөгийг аваад хийчихлээ, арван жилийн дараа илүү өгөөж хүртэх нь тодорхой учраас шийдвэртээ сэтгэл хангалуун байна гэж байна.

Зөв компанийн хувьцааг худалдаж авбал банкинд хадгалуулснаас илүү өгөөж хүртэнэ гэдгийг мэдэрч эхлэнэ гэдэг том олзуурхал. Иргэд нь хадгалж байгаа мөнгөөрөө компаниудынхаа хувьцааг худалдаж авч, компаниуд нь тэр мөнгөөр бүтээн байгуулалт өрнүүлж, тэр хэрээр улсын эдийн засаг тэлдэг. Ер нь дэлхийн улс орнууд ингэж л хөгждөг.


10 саяас дээш төгрөгийн захиалга хэр ирж байгаа бол?

 50 саятнууд их байна. Энэ сарын 25-наас (өнөөдөр) хойш томчууд орж ирэх төлөвтэй байгаа.


“Түмэн шувуут” хөрөнгийн зах зээлээс босгосон арван тэрбумаараа ямар төслүүд хэрэгжүүлэх вэ гэсэн асуултын хариу олон хүний сонирхлыг татаж байгаа байх?

Манай компанийн хэрэгжүүлэх төслүүдийн цараа нь их өргөн. Зөвхөн ганц компани ашиг олж болох юм гэсэн өнцгөөс харж боловсруулаагүй. Хөдөө аж ахуйн шилдэг эрдэмтдийн баг хоёр жилийн турш судалж тооцож хийсэн төслүүд.

Мал эмнэлгийн ухааны доктор Н.Банди, гавьяат мал зүйч Д.Самданжамц, биологийн шинжлэх ухааны доктор Ч.Тунгалаг, эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей, хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр, олон улсын эдийн засгийн шинжээч, магистр М.Мандах гэх мэт арвин туршлагатай, орчин үеийн судалгааны арга барилыг эзэмшсэн хүмүүс оролцож хөдөө аж ахугй цогц шийдэл, төслүүдийг хийсэн.

Хурга бордож мах экспортлох төсөл гэхэд л Баруунтурууны усалгаатай газар тариалантай холбоотой. Тэнд тарих тэжээлийн ургамлаар хийсэн тэжээлийг борлуулах зах зээл нь бэлэн. Өөрөөр хэлбэл мал бордож мах экспортлох төсөл манай тэжээлийн зах зээл байх болно.  Махны тахианы аж ахуй байгуулж, өндөглөгч тахианыхаа тоог өсгөх төсөл маань “Агро Фийд” тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжнэ.

 Тэжээлийн үйлдвэр маань эргээд нөгөөдүүлээ тэтгэнэ. Ийм цогц шийдэл болж байгаа нь манай төслүүдийн давуу тал. Олон улсын жишгийг харахад хөдөө аж ахуйн  бизнес эрхэлдэг компаниуд жижгээс том руу, биеийн хүчнээс техникийн дэвшил рүү, байгалийн хараат байдлаас эрсдэлгүй менежмэнт рүү, уламжлалт арга барилаас шинжлэх ухаан, ноу хау, инноваци, бүтээмж рүү явж байна. Бид яг энэ чигийг барьж төслүүдээ боловсруулсан. Өөрөөр хэлбэл ганц Монголдоо биш дэлхийд өрсөлдөх алсын хараатай явж байгаа.

Үйлдвэрлэж байгаа өндөгний тоогоо нэмж, тахианы махны аж ахуй байгуулж, царгас тарьж, тэжээл үйлдвэрлэнэ гэж байгаа. “Түмэн шувуут” үйлдвэрлэх эдгээр  бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээг тоогоор илэрхийлээч?

Манай төслүүд зах зээлийн хувьд маш эрэлттэй гэдэг нь тогтоогдсон чиглэлүүдэд хэрэгжнэ. Тухайлбал бид өндөгний хэрэглээнийхээ 50 хувийг гаднаас авдаг. Тахианы махныхаа 92-93 хувийг импортолдог. Малын тэжээлээ бүрэн хангаж чадахгүй байна.

Ойрын 3-5 жилд тариалсан, үйлдвэрийн аргаар боловсруулсан  малын тэжээлийн хэрэгцээ арав дахин нэмэгдэнэ гэсэн таамаг бий.

Сангасны бордооны хувьд жил бүр 120  гаруй мянган тонныг гаднаас авдаг. Энэ том хэрэгцээний зөвхөн 1.5 мянган тонныг л бид хийнэ. Гаднаас ирдэг бордооноос огт өөр, цэвэр органик бордоо үйлдвэрлэх нь бидний давуу тал. Бордооны зах зээл маань бэлэн. Газар тариалангийн компаниудад бартераар өгнө.

 Оронд нь  тэжээлийн үйлдвэртээ тэжээлийг нь авч ашиглах бүрэн боломжтой. Мал бордож мах экспортлох төслийн хувьд нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй малын махыг гадаадад гаргах хамгийн анхны төсөл. Хятад руу экспортлоно. Шинжаанууд тэр чигээрээ бага малын мах иддэг. Оросууд, дундад Азийнхан авъя гэж байна. Жил бүр 120 мянган толгой хонь л бордоно. Малын тооны хувьд маш бага хэмжээ. Мал бордож мах экспортлох төсөл маань цаашдаа бусад компани, аж ахуйн нэгжүүдийн дагаж дуурайж хэрэгжүүлэх төсөл болох юм. Тодруулж хэлбэл жишиг төсөл болно.


Монголчуудад “Нялх малын махыг идэхдээ яахав дээ” гэсэн сэтгэлгээ хандлага байдаг. Хурга гэж та хэр том, хэчнээн кг жинтэй малыг хэлээд байна?

Зургаагаас найман сарын настай малыг хэлж байна л даа. 1-1.5 настай төлөг, нас гүйцсэн хонины дайнд очихоор хэмжээний малын махыг экспортолно гэсэн үг.  Бэлчээрийн мал аж ахуйтай газар л хонийг нас гүйцсэн хойно нь хүнсэнд хэрэглэдэг.

Харин дэлхийн жишиг өөр. Зургаагаас найман сарын настай хонийг л хүнсэнд хэрэглэдэг. Хонины махны экспортоороо дэлхийд тэргүүлдэг гэж яригддаг Австрали гэхэд л яг ийм жишиг барьдаг.  Манайд шинэ хэр нь дэлхийд аль хэдийн бий болсон зүйл гэсэн үг.




Танай компанийн хэрэгжүүлэх төслүүдийг анзаарахад долларын гарах урсгалыг хаахаас гадна гаднаас доллар олох бизнес ч байна. Энэ утгаараа эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь ээ?

Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан төслүүд. Бид жил бүр зөвхөн тахианы мах худалдаж авахад 38 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар гадагшаа урсгадаг.

120 сая ширхэг өндгийг ам.доллараа үрж авдаг. Малын тэжээл гэхэд л 2017 онд 40 тэрбум төгрөгтэй дүйцэх валют зарж оруулж ирсэн. Махаа  доод стандартаар, хамгийн хямд үнээр  гадагш нь экспортолж байна. Манай төслүүд гадагшаа урсдаг долларыг Монголдоо үлдээхэд чиглэж байна. Мал бордож мах экспортлох төслийн хувьд  гаднаас доллар олж ирнэ. Тэр утгаараа эдийн засагт яах аргагүй эерэг нөлөө үзүүлнэ л дээ.


Цаашид хийж хэрэгжүүлье гэсэн бизнесийн шинэ санаанууд бий юу?

Байлгүй яахав. Сая ярьсан таван төслөө хэрэгжүүлсний дараа, суурь бааз дээр нь хэрэгжүүлэх шинэ төслийн санаанууд бий. Мэргэжлийн компанийн хувьд таван жилийн дараахийг өнгийгөөд харвал сайн үүлдрийн сүүний үнээний төслийн орон зай байгаа.

 Бид  боловсруулсан сүү, цагаан идээнийхээ 70 хувийг гадаадын сүүгээр хийж  байна.  Сайн үүлдрийн саалийн үнээ авах гэхээр нэг нь 10 мянган ам.доллар. Энэ мэтээр яривал шинээ санаа их бий. Тодруулж хэлбэл энэ удаагийн IPO бидний бизнесийн дөнгөж эхлэл.


“Түмэн шувуут” энэ сарын 31-ний дотор 10 тэрбум төгрөгийн хөрөнгийн зах зээлээс босгох ёстой. 9.9 тэрбум босчихвол яах вэ?

“СЗХ, Хөрөнгийн бирж “Түмэн шувуутын IPO босгох үйл ажиллагаа 100 хувьдаа хүрээгүй” гээд манай хувьцааг худалдаж авахаар мөнгөө хийсэн хүмүүсийн захиалгыг цуцалж мөнгийг нь буцааж өгнө.

Тэр тохиолдолд манай компани  ХХК-иараа үлдэнэ гэсэн үг. Ийм зүйл тохиолдлоо ч манай компанийн хувьд арилжааны банкаас зээлээ аваад сая ярьсан төслүүдээ хэрэгжүүлнэ. Олон нийтийнх болгоё, олон түмэнтэйгээ хуваалцъя гэсэн зорилгоор л IPO гаргая гэсэн шийдвэрт хүрсэн юм.

Компанийн засаглалын хамгийн дээд хэлбэр бол хувьцаат компани. ХК буюу олон нийтийнх болох чиг рүү компаниа хөгжүүлье гэж зорьж байгаа нь ийм учиртай. Түүнээс биш бид төслүүдээ санхүүжүүлэх мөнгөний эх үүсвэр олох боломжгүйдээ IPO гаргаж мөнгө босгох шийдэл гаргаагүй л дээ. Ямар ч банк “Танай төслүүдийг санхүүжүүлээд өгье” гэж байгаа. Гэхдээ ийм зүйл болно гэж бодохгүй байна.

Эх сурвалж: Ц.Баасансүрэн /Өдрийн сонин/