БНХАУ Хойд Солонгосын нүүрсний экспортод хориг тавьсан нь Монгол болон ОХУ-ын нүүрс экспортлогчдод хамгийн эергээр нөлөөлсөн байна. БНХАУ-ыг чиглэсэн ОХУ-ын нүүрсний экспортын хэмжээ энэ оны эхний зургадугаар сард 53 хувиар өссөн, тэр дундаа коксжих нүүрсний худалдаа нь 120 хувиар нэмэгдсэн талаар БНХАУ-ын Гаалийн мэдээлэлд дурджээ. Харин Монголоос нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар, тэр дундаа коксжих нүүрсний худалдаа 60 хувиар өссөн байна. Үүнээс гадна АНУ-ын экспортлогчдод өөрчлөлт гарсан. Өнгөрсөн онд бүтэн жилийн турш ердөө 100 мянган тонн нүүрс БНХАУ-д экспортолж байсан бол энэ он гарснаас хойш 2.4 сая тонныг экспортлоод байна. АНУ-ын “Contura Energy”, “Arch Coal” компани голлох экспортыг хийж байна. Эдгээр компанийн нэг тонн нүүрсний зардал нь 130 ам.доллар боловч спот ханш нь 200 ам.долларт хүрч байгааг шинжээчид онцолсон. Ямартай ч БНХАУ-ын нүүрсний импорт долдугаар сарын байдлаар сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрч буурсан. Нийт 19.46 сая тонн нүүрсийг долдугаар сард импортолсон нь жилийн өмнөхөөс 8.25 хувиар, өмнөх сараасаа 9.9 хувиар бага дүн болжээ. Харин оны эхний долоон сард нийт 152.71 сая тонныг импортолсон нь жилийн өмнөхөөс 18.2 хувиар өндөр үзүүлэлт юм. БНХАУ-ын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хорт хий бага ялгаруулдаг өндөр чанартай нүүрс импортлох зорилт тавьж байгаа юм. Энэ нь тус улсын нүүрсний импортод нөлөөлж буй. Үүнээс гадна нүүрсний олборлогч “China Shenhua Energy” компани наймдугаар сарын 4-нд нүүрсний хоёр том ил уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь цаашдаа Монголын нүүрсний экспортын хэмжээ, үнэ нэмэгдэхэд нөлөөлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Эх сурвалж: Bloombert TV mongolia