Энэ онд БНХАУ-ын дулааны нүүрсний ханш харьцангуй хямд буюу Өмнөд хөршийн Засгийн газрын зорилтот түвшин 500-570 юаньд хадгалагдах төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оны дундаж ханш 637 юаниас 100 шахам юаниар хямд гэсэн үг юм. БНХАУ-ын эрх баригчид таваарын ханшийг тогтвортой барьж, нийлүүлэлтийн хяналтыг чангатгаж байгаа юм. Дотоодын олборлолтоо тогтворжуулахтай зэрэгцээд эрэлт буурч болзошгүй байгаа нь ханшийг 570 юаниас давахаас сэргийлнэ гэж "Bloomberg"-ийн судалгааны баг дүгнэж байна. Одоогоор БНХАУ-ын Фужянь боомтоор нүүрс импортлохыг хориглоод байгаа аж. Харин Гуанши, Гуандун, Жөжян зэрэг зургаан боомтоор нэвтрэх зөвшөөрөл олгохыг хязгаарлаад байна. Нийлүүлэлтийн хувьд БНХАУ-ын дулааны нүүрсний гарц энэ онд 2.8 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Мөн техникийн шинэчлэл хийгдсэнээр дотоодын олборлолтын 40 хувийг бүрдүүлдэг тэргүүлэх 10 компанийн хүчин чадал 5.7 хувиар өсөж, 1.32 тэрбум тонн давахаар байгаа ажээ. Энэхүү өсөлтийн 70 шахам хувь нь ӨМӨЗО, Шэньси, Шаньси мужид төвлөрч байна. Эдгээр муж нь БНХАУ-ын хойд бүсэд Монголын хилтэй харьцангуй ойр байрлалтай юм. Хэдий тийм боловч коксжих нүүрс бус дулааны нүүрс олборлох хүчин чадал нэмэгдэх хүлээлттэй байна.

(bloombergtv.mn)