БНХАУ-ын коксжих нүүрсний импорт долоодугаар сард 5.58 сая тонн болсон нь өмнөх сараасаа 3.6 хувиар буурсан ч 2016 оны мөн үеэс 25.2 хувиар өндөр үзүүлэлт боллоо. Мөнгөн дүнгээр тооцвол долоодугаар сард нийт 722.28 сая ам.долларын коксжих нүүрс импортолсон талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад энэ нь 133.3 хувиар, харин зургаадугаар сарынхаас 5.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Долоодугаар сард нэг тонн коксжих нүүрсний дундаж ханш 118.73 ам.долларт хүрчээ. БНХАУ коксжих нүүрсээ Монгол болон Австралиас импортолж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар долоодугаар сарын нэгнээс эхлэн II зэрэглэлийн боомтуудаар нүүрс импортлохыг хориглосон юм. Энэ нь бусад голлох боомтуудаар нүүрс гаргах үед хяналт, шалгалтыг илүү сайжруулахад хүргэсэн байна. Улмаар зарим боомтын хяналтаар нүүрсээ нэвтрүүлж дуусахад сар гаруй хугацаа шаардагдах тохиолдол байгаа гэж албаны мэдээлэлд дурджээ. Зөвхөн Монголтой хиллэдэг боомтуудаар л гэхэд нүүрс тээвэрлэн гаргахад 7-10 өдөр шаардагдаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Гашуунсухайт-Ганцмодны боомтоор тээвэрлэн гаргах коксжих нүүрсний хэмжээг 2017 онд нийт 15 сая тоннд барихаар төлөвлөж байгаа аж. Харин оны эхний долоон сарын байдлаар энэ боомтоор 12 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д нийлүүлжээ. Тиймээс энэ оны II хагаст Гашуунсухайт-Ганцмодны боомтын коксжих нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж магадгүй гэж БНХАУ-ын нүүрсний зах зээлийн гол мэдээллийг хүргэдэг "sxcoal.com" сайт мэдээллээ. Харин Монголын тал энэ боомтоор 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа талаар Засгийн газрын хуралдаан дээр мэдээлсэн юм. Энэ нь долоодугаар сарын эхээр Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 1400 машин нүүрс гаргаж байсан бол наймдугаар сарын дунд үе гэхэд 600 болж буурсан байна. Нүүрсний хэмжээ 100 мянган тонн байсан нь 40 мянган тонн болж багасжээ. Монгол Улсын Засгийн газар гарч байгаа энэхүү саатлыг арилгахын тулд БНХАУ-ын талтай ярилцаж шийдвэрлэхээр зорьж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV mongolia