Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 27 хувьцаат компани биржээр дамжуулан 2017 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулаад байна. Тайлант хугацаанд 11 компани ашигтай ажиллаж, 16 компани алдагдалтай ажилласан байна. Орлогын дэлгэрэнгүй тайланг харвал "ДЦС-III" ТӨХК 57.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 5.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус компанийн тайлант үеийн цэвэр ашиг 2016 оны мөн үеэс 1.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Харин ноос ноолуурын салбарт тэргүүлэгч "Говь" ХК 33.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Тайлант хугацаанд хамгийн их хэмжээний алдагдлыг "Улаанбаатар БҮК" ХК хүлээсэн нь 1.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Түүнчлэн МХБ-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудаас "Говь" энэ оны эхний хагаст 34 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 9 тэрбум төгрөгөөр өсжээ. Компани мөн 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг орлогын дэлгэрэнгүй тайлангаас харж болно. Аливаа компани ашигтай ажиллахад гадаад валютын ханшийн нөлөө их байдаг. Тэгвэл "Говь" компани 2017 оны хоёрдугаар улиралд гадаад валютын ханшийн зөрүүнээс 634.6 саяын ашиг олсон байна. Үүнд өнгөрсөн зургадугаарсарын 14-нд "Говь" компанийн үйлдвэрийн байрны дээвэрт гал гарсан нь төдийлөн нөлөөлсөнгүй. Учир нь компани 10 хоногийн дотор дээврийг засварлаж, үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснээ мэдэгдсэн.

Эх сурвалж: www.bloombergtv.mn