Голомт Капитал ҮЦК нь 2016.12.01- 2017.01.31-ний хооронд Интернэт Арилжааны Системээ олон нийтэд таниулах, МХБ-ийн арилжааг идэвхжүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Онлайн Арилжааны уралдааныг хоёр сарын хугацаанд явууллаа. Уралдаанд нийт 50 орчим хүн оролцсон бөгөөд уг хоёр сарын хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөсөн эхний 3 оролцогчийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгосон юм.

Ингээд хамгийн өндөр ашиг олж, уралдаанд 1-р байр эзэлсэн Ж.Тэнгэс-тэй уулзаж, түүний сэтгэгдэл, туршлагаас хуваалцсанаа та бүхэнд хүргэж байна.



-Юуны өмнө Голомт Капитал ҮЦК-аас зохион байгуулсан хувьцааны онлайн арилжааны уралдаанд орж 1-р байр эзэлсэнд баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулах уу?

За баярлалаа. Намайг Ж.Тэнгэс гэдэг. МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургуулийн 1-р курсийн оюутан.

-Хувьцааны онлайн арилжааны уралдаанд яагаад орохоор шийдэв? Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

Уралдаан зарласныг Facebook-с олж мэдээд оролцсон. Анх удаа хувьцааны арилжаа хийж үзэж байгаа учраас маш сонирхолтой байсан. Бас чамгүй туршлага хуримтлууллаа гэж бодож байна.

-Уралдааны туршид ямар ямар компаниудын хувьцааг сонгож арилжаа хийсэн бэ?МХБ-ийн нэг болон хоёрдугаар ангилалд багтах Тавантолгой ХК, Монгол Шуудан ХК, Сүү ХК, Улсын Их Дэлгүүр ХК-уудын хувьцааг түлхүү арилжаалсан байгаа.

-Яагаад эдгээр компаниудын хувьцааг сонгов? Ер нь хувьцааны арилжаа хийхдээ баримталсан гол тактик тань юу байв?

Анх удаа хувьцааны арилжаа хийж байгаа болохоор тэр талын туршлага бага байлаа. Гэхдээ мэдээж огт юм бодолгүйгээр орохгүй нь тодорхой. Миний хувьд ханш нь унаж байгаа боловч суурь үзүүлэлт сайтай хувьцаануудыг өсөх магадлал өндөр гэж үзсэний үндсэн дээр худалдан авч байсан.

Түүнчлэн ганц хувьцаа руу бүх мөнгөө хийхгүйгээр, хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авч, эрсдэлээ тараах нь зөв юм байна гэдгийг ойлгосон.

-Харилцагчид өөрсдөө онлайнаар хувьцааны арилжаа хийх боломжийг Голомт Капитал ҮЦК харилцагчиддаа санал болгоод удаагүй байна. Мэдээж цаашид системийг хөгжүүлэх зүйлс байгаа. Таны зүгээс энэхүү системийг ашиглахад ямар санагдав?

Ерөнхийдөө их ойлгомжтой байсан. Худалдан авсан хувьцааны өгөөжийн тооцооллыг систем өөрөө тооцож гаргадаг бол хэрэглэгчдэд илүү хялбар болох байх.

-Монголын хөрөнгийн зах зээлийн талаар таны бодол ямар байгаа вэ?

Нэлээд дутагдлууд байгаа юм шиг санагддаг. Хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой номнууд уншиж үзэж байсан л даа. Мөн гадаадын хөрөнгийн биржүүдийн талаар уншаад, харьцуулаад үзэхэд сул тал олон байгаа ажиглагдсан.

Юуны түрүүнд арилжаанд оролцогчдын тоо маш цөөхөн байх шиг байна. Хүмүүс брокерийн компанид данс нээлгэдэг ч гэсэн нэг хувьцаа аваад орхидог, эсвэл ногдол ашиг авах зорилготойгоор хадгалдаг зэрэг нь хувьцааны арилжааг идэвхгүй болгоод байгаа санагддаг.

Гэхдээ сүүлийн үед гадуур хөрөнгийн зах зээлийн талаар сургалтууд их явагдаж байгаа нь зөв зүйтэй алхам гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн анх хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг МХБ дээр зохион байгуулагдаж байсан нээлттэй өдөрлөгийн үеэр олж авсан. Тэнд брокерийн компаниуд өөрсдийнхөө танилцуулгыг хүргэж байсан. Тэгээд тэндээс анх энэ зах зээлийн талаар ойлголт авч байлаа.

Энэ зах зээлийн талаар ном, видео хичээл зэрэг дутмаг байдаг. Сүүлийн үед манай найз нөхөд, гэр бүлийнхэн ч гэсэн хувьцааны талаар бас сонирхож эхэлж байна л даа. Тэгээд хүмүүс хувьцаа гэхээр их хэцүү юм шиг ойлгоод байдаг. Надад ч гэсэн анх их хол юм шиг бодогддог байсан. Гэхдээ яг өөрөө ороод үзэхээр бол энэ нь тийм ч ярвигтай биш, ойлгомжтой гэдгийг ойлгосон. Бусад хүмүүст ч гэсэн үүнийг ойлгуулчих юм бол хувьцааны арилжаанд оролцоод байх боломжтой гэж бодож байна.

За танд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье! Мөн цаашдын арилжаанд нь амжилт хүсье!

Баярлалаа. Энэ уралдааныг зохион байгуулсан Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.