“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр арилжигдаж буй Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааг 2010-2011 онд өрсөлдөөнт буюу үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг дуудлага арилжаанд үндэслэн тогтоох хэлбэрээр, 2014 оноос эхлэн зөвхөн өрсөлдөөнт бус буюу ЗГҮЦ-ны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүгийн түвшинд үндэслэн тогтоох хэлбэрээр явуулж байсан билээ.

2017 оны 7 дугаар сараас ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд өрсөлдөөнт арилжааны хэлбэрийг дахин нэвтрүүлснээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ЗГҮЦ-ны арилжаа өрсөлдөөнт хэлбэрээр амжилттай хийгдлээ.

Тус арилжаанд Сангийн яамнаас нийт 6 тэрбум төгрөгийн 39 долоо хоногийн хугацаатай 60,000 ширхэг үнэт цаасыг нийлүүлэхээр зарласан ч хөрөнгө оруулагчдаас 2 дахин их буюу нийт 124,900 ширхэг худалдан авах захиалга ирж, хүүгийн түвшин 11.7%-иас 10.3%-д тогтсон байна. Хүүгийн түвшин ийнхүү буурснаар Сангийн яамнаас тус үнэт цаасанд төлөх хүүгийн төлбөр, Улсын төсөвт тусгагдах үнэт цаасны хүүгийн зардал нь 84 сая төгрөгөөр буураад байна.

Эх сурвалж: www.mse.mn