Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамаарч онцгой албан татварын хэмжээг тавдугаар сарын нэгнээс 40-250 хувиар нэмнэ.Зургийг: С.Батсайхан

Өнгөрсөн долоо хоногт УИХ 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа зардлыг 0.2 хувиар бууруулж, долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр хуульчиллаа. Эдийн засаг хүндэрч, худалдан авалт буурсан энэ үед татвар нэмснээр татварын орлого шууд өсөхгүй, харин орлогоо нуух эрсдэл нэмэгдэнэ гэж бизнес эрхлэгчид анхааруулж байсан юм. Тавдугаар сарын нэгнээс суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамаарч онцгой албан татварын хэмжээг 40-250 хувиар нэмэхээр байна. Тухайлбал, импортоор орж ирдэг автомашины 70 хувийг эзэлж байсан 10-аас дээш жилийн насжилттай автомашины татвар доод тал нь таван сая төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Харин 4-6 жилийн насжилттай хосолмол хөдөлгүүртэй автомашины татвар хөдөлгүүрийн багтаамж 1500-аас доош бол 800 мянга, 1500-2500 бол нэг сая 600 мянган төгрөг болж байна.

Үүнээс гадна хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна. Ямар нэгэн босго тогтоогоогүй учраас арилжааны банканд хадгаламж эзэмшигчид бүгд хүүгийн орлогоосоо татвар төлөх зохицуулалт хэрэгжих юм.

Түүнчлэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг ирэх долоодугаар сарын нэгнээс нэмэгдүүлнэ, үүний дараа 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс дахин нэмэгдүүлэхээр тусгаад байна. Энэ мэтээр иргэдийн орлогод нөлөөлөх өөрчлөлтүүдийг УИХ батлаад байгаа юм.

Монголбанкны инфляцын төлөв байдлын тайландаа тусгаснаар инфляцын түвшин 2017-2018 онд өсөхөөр байгаа боловч зорилтоос бага байх төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онтой харьцуулахад төгрөгийн үнэгүйдэл эрчимжих төлөвтэй байна.

Эх сурвалж:www.bloombergtv.mn