Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Монголын цахилгаан холбоо" ХК II улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан байна. Тайлант хугацаанд 10.5 тэрбум төгрөгийн орлого олж, 59.9 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Орлогын дүн өмнөх оны мөн үеийнхээс нэг тэрбум төгрөгөөр өссөн байна. Компани 2016 оны II улиралд 71.6 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ онд алдагдлаа нөхөж, 60 орчим сая төгрөгийн ашиг олжээ. Орлогын дэлгэрэнгүй тайланг харвал "Монголын цахилгаан холбоо" компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 113 орчим сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Гэхдээ борлуулалт, маркетингийн орлого 199.9 сая харин ерөнхий ба удирдлагын зардал 1.2 тэрбум төгрөг байсан нь ашигтай ажиллахад нөлөөлсөн байх боломжтой. Түүнчлэн энэ сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар "Монголын цахилгаан холбоо" компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 10.34 сая ширхэг хувьцааны нэгжийг 2.5 ам доллараар худалдаж авахаар болжээ. Тус хувьцааг давуу эрхийн дагуу Монголын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын "Кореа телеком корпораци"-иас ирүүлсан саналыг хэлэлцэн ийнхүү төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр компанийн нийт хувьцааны 94.67 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг Монгол болон гадаадын иргэд эзэмших болсон байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn