“ГОЛОМТ СЕКЮРИТИЗ” ҮЦК ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ ДЭВШИЛТЭТ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

“Голомт Секюритиз” үнэт цаасны компани “ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ СИСТЕМ”-ээ олон улсын стандартад нийцүүлэн, системийн шинэчлэлт хийж, харилцагчдадаа хүргэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Арилжааны системээ бид Монгол, Англи хэлний сонголттой болгосон ба хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар байлгах тал дээр анхаарч ажиллалаа.

Уг системийг ашиглан дэлхийн хаанаас ч Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) хувьцааны арилжаанд цагийн хоцролтгүйгээр шууд оролцох боломжтой. Ингэснээр эх орондоо төдийгүй, гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд болон гадаадын хөрөнгө оруулагчид МХБ-ийн арилжаанд интернет ашиглан шууд оролцох боломжтой боллоо.

Өмнө нь харилцагчид заавал брокер дилерийн компани дээрээ өөрийн биеэр очиж үйлчилгээ авдаг байсан бол бидний нэвтрүүлж буй “ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ СИСТЕМ”-ийг ашиглан хувьцаа худалдах, худалдан авах, багц болон арилжааны явцдаа хяналт тавих, өгөөжийн тооцоолол хийх, бэлэн мөнгөний үлдэгдлээ хянах зэрэг өргөн боломжтой болж байна.

Түүнчлэн зөвхөн брокер дилерүүдэд л нээлттэй байсан хувьцааны захиалгын санг харах боломжийг бид хэрэглэгчдэд олгож байна. Ийнхүү бид цаг хугацааг эрхэмлэгч харилцагчдадаа МХБ-ийн хувьцааны арилжаатай холбоотой бүхий л үйлчилгээг интернет ашиглан авах боломжийг цогцоор нь хүргэж байгаадаа баяртай байна.


ОНЛАЙН АРИЛЖААНЫ УРАЛДААН

Бид интернет арилжааны системээ олон нийтэд таниулах, МХБ-ийн арилжааг идэвхжүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс онлайн арилжааны уралдаан зарлаж байна. Та МХБ дээр интернетээр шууд арилжаа хийж, 2 сарын хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа хэдэн хувь өсгөж чадахаа үзээрэй.

Уралдааны үндсэн зарчим: Оролцогч бүр 100,000-1,000,000 төгрөгийг Голомт Секюритиз ҮЦК-д нээлгэсэн өөрийн нэр дээрх арилжааны дансандаа байршуулж, биднээс олгох нэвтрэх эрхийг ашиглан, онлайн арилжааны системээр 2 сарын хугацаанд МХБ дээр бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьцааг арилжих ба хугацааны эцэст анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан гурван оролцогчийг ялагчаар тодруулж мөнгөн урамшуулал олгох юм.

Уралдааны бүртгэл 2016 оны 11-р сарын 29 хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг манай Golomt Securities Facebook хаягаас авах боломжтой.


ГОЛОМТ СЕКЮРИТИЗ ҮЦК-ИЙН ТУХАЙ

Голомт Секюритиз үнэт цаасны компани нь 2012 оны 5-р сарын 24-ний өдөр Монгол улсын шилдэг банкнуудын томоохон төлөөлөл болох Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болон байгуулагдсан бөгөөд брокерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүд, хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа чанарын өндөр төвшинд хүргэн ажиллаж байна.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн олон алхмуудыг хийсэн бөгөөд Засгийн Газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг анх удаа амжилттай гүйцэтгэсэн, МХБ-ийн арилжаанд онлайн арилжааны программ ашиглан үнэт цаас худалдах, худалдан авах үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно.

Өсөн хөгжиж буй эдийн засгийн нөхцөлд хувийн болон төрийн эзэмшлийн компаниуд, бусад байгууллагуудад хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгоход зуучлах, хэлэлцээр хийхэд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн төвшинд гүйцэтгэж хөрөнгийн зах зээл дээр гарахад зуучлан ажиллаж байна. Түүнчлэн бид иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах үүднээс сургалтуудыг зохион байгуулж байна.

Бид харилцагчдынхаа эрх ашгийг ямагт дээдлэн Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалт, брокерийн компани болохын төлөө улам идэвхтэй ажиллахад бидний эрхэм зорилго болоод цааш цаашдын алхмууд чиглэгдэх болно.


Хаяг

Монгол Улс, Улаанбаатар 14200, СБД-8, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай-2, Сэнтрал Тауэр 606B тоот

И-мэйл: info@golomtsecurities.com

Утас: 7012-1530