Tesla” компани (TSLA US) нь 2003 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан машин болон түүний цахилгаан хураагуурын загвар, үйлдвэрлэлт болон борлуулалтыг хийдэг компани юм. Үүнээс гадна цахилгаан хураагуурыг бусад автомашины үйлдвэрүүдэд нийлүүлдэг байна.

Tesla одоогоор зах зах зээлд 2 төрлийн загвараа гаргаад байна. Model S нь өндөр зэрэглэлийн тансаг загварын машин бол, Model X загвар нь жижиг оврын жийп юм. Түлшний хэмнэлттэй, бүрэн цахилгаан эдгээр автомашины аккумуляторт хэрэглэгддэг lithium-ion баттери нь түргэн цэнэглэх цахилгаан станцууд дээр цэнэглэгддэг ба нэг удаагийн цэцэглэлтээр ойролцоогоор 300 км явах боломжтой юм. “Tesla” компани нь саяхан хямд зардалтай гэр бүлийн загвартай Model 3 гэсэн загварын машиныг зах зээлд шинээр танилцуулсан бөгөөд 2018 оны дундуур худалдаанд гаргах төлөвтэй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нь мөн PayPal-ийг үүсгэн байгуулсан ба SpaceX болон SolarCity компаниудын үйл ажиллагааг хариуцдаг юм.

“Tesla” өөрсдийн цахилгаан автомашинд зориулан 5,000 цэнэглэх порттой 700 гаруй станцуудыг дэлхий даяар байршуулаад байна.

“Tesla” компани нь дан ганц автомашин үйлдвэрлэхээс гадна айл өрх, аж ахуйн нэгжүүд хэрэглэж болох зай хураагуурыг зах зээлд нийлүүлж ажиллаж байна. Powerwall бүтээгдэхүүн нь нарны эрчим хүчийг хуримтлуулан нэг өрхийн өдрийн эрчим хүчний хэрэглээг хангах чадалтай юм. Powerpack цахилгаан хураагуур нь албан байгууллагуудад хэрэглээний оргил болон онцгой байдлын үед эрчим хүчээр хангаж хэмнэлт үзүүлэх бүтээгдэхүүн юм.

“Tesla” компани нь 208 үйлчилгээний газар болон байршилд үйлчилгээгээ үзүүлэн ажилладаг. Мөн цэнэглэх сүлжээ нь маш хурдацтай нэмэгдэж одоогийн байдлаар нийт 751 станцтай болоод байна. Компанийн борлуулалтын 50 хувь нь АНУ-ын хойд бүсээр байдаг бол цаашлаад Норвеги (9%), БНХАУ (8%) болон бусад улс орнуудад нийт борлуулалтынх нь 35% нь тус тус хийгддэг байна.

“Tesla” компани нь автомашинуудаа өөрсдийн нэрийн дэлгүүрүүд болон үзэсгэлэнгүүдээр борлуулдаг бөгөөд ямар нэгэн дилер компаниудаар дамждаггүй учир үнийн хувьд тогтсон нэг үнэтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд “Tesla” компанийн борлуулалтын орлого маш хурдацтай өсөж байна. Борлуулалтын орлого 2015 онд 27% өсч 4 тэрбум ам.доллар хүрч байсан бол 2016 онд борлуулалт 73% өсөж 7 тэрбум ам.долларт хүрсэн. Харин компанийн алдагдал өндөр хэвээр байгаа. Тухайлбал 2015 онд компани 888.7 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол 2016 онд 725.3 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Tesla-ийн загваруудын нэр хүнд өсөж, олдоц нь нэмэгдсэнээр компанийн борлуулалт тогтмол өссөөр байгаа бол, нөгөө талд компани шинэ загваруудаа гаргах, эрчим хүчний хураагуурын нөөцийг нэмэгдүүлэх ажлуудын хүрээнд судалгаа, хөгжүүлэлт болон ажилчдын зардалд маш их хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь ийнхүү алдагдлыг өндөр байлгасаар байна.

Tesla саяхан шинэ загвар болох “Model 3”-аа хэрэглэгчдэд танилцуулаад байна. Илон Маскийн дараагийн зорилгот машин болох Model 3-ийн гол онцлог нь бусад өндөр зэрэглэлийн өртөг өндөртэй машинуудаа бодвол хамаагүй хямд үнэтэй юм. Шинэ загвар нь бүх талаараа таван одны зэрэглэл хангана гэж Илон Маск амлалт өгжээ . Таван хүний суудалтай “Model 3” нь супер хурдан цэнэглэлтийн горимтой бөгөөд 30 минутанд 270 километр зам туулах цэнэг хурааж чадах гэнэ.

Өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд "Tesla" компанийн хувьцааны ханш (TSLA US) 20 гаруй хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 57.9 тэрбум ам.долларт хүрч, Ford Motors (46.0 тэрбум ам.доллар), General Motors (53.7 тэрбум ам.доллар) компаниудыг ардаа орхиж, АНУ-ын хамгийн үнэтэй автомашин үйлдвэрлэгч болсон.

Энэ оны эхний улиралд автомашины нийлүүлэлт дээд хэмжээндээ хүрсэн тухай "Tesla" компани мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа өссөөр байна. Энэ хугацаанд тус компани 25 мянга гаруй цахилгаан машин борлуулсан нь өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад даруй 70 хувиар их байгаа юм. Өнгөрсөн онд "Tesla" компани 76 мянган цахилгаан машин зах зээлд нийлүүлжээ.

Ийнхүү Илон Маскийн "Tesla" зах зээлийн үнэлгээгээрээ цаашид дэлхийн тэргүүлэх таван автомашин үйлдвэрлэгчийн жагсаалтад хүч түрэн орж ирж байна.

Удахгүй АНУ-д борлуулж эхлэх "Модел 3" загвар нь эрэлт ихтэй байх болно гэж тооцоолж байгаа аж. Энэ загварыг худалдаанд гарахад худалдаж авахаар дэлхийн өнцөг булан бүрээс 380,000 хүн тус бүр 1,000 ам.доллар төлж захиалгаа баталгаажууд байгаа нь эрэлт ямар өндөр байгааг харуулж байгаа юм.

Tesla-г үндэслэн байгуулагч Илон Маскийн дайчин чанар нь авьяас чадвартай ажилтнууд болон хөрөнгө оруулагчдыг маш ихээр татсаар байна.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” комапни "Model 3" загварын автомашины үйлдвэрлэлээ энэ баасан гарагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Зорилтот хугацаанаас хоёр долоо хоногийн өмнө үйлдвэрлэлийн бүх шаардлагыг хангасан гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск twitter хуудастаа жиргэжээ. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц автомашин үйлдвэрлэх “Tesla”-ийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүн гэгдэж байгаа "Model 3" загварын үнэ 35 мянган ам.доллараас эхлэх юм. "Tesla"-ийн хувьд 12 дугаар сар гэхэд "Model 3" загварын автомашины үйлдвэрлэлээ 20 мянгад хүргэх зорилт тавиад байгаа юм. Энэхүү шинэ загварын хүлээлттэй холбоотойгоор Калифорнид байрлах тус компанийн хувьцааны ханш энэ онд 65 хувиар өсөөд байна. (Bloomberg TV Mongolia)

Үүнээс гадна "Tesla”-ийн улирлын борлуулалт буурчээ. Тухайлбал, тус компани санхүүгийн жилийн II улиралд нийт 22 мянган автомашин борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн I улиралд 25 мянга 51 ширхэг автомашин нийлүүлж дээд амжилт тогтоогоод байсантай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Улмаар оны эхний хагас жилд борлуулалтаа 47-50 мянгад хүргэнэ гэсэн таамагласан түвшинд үл ялиг дөхөж очжээ. "100 киловаттын цэнэг хураагуурын үйлдвэрлэл хомсдолд орсон нь II улирлын борлуулалтад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл" гэж тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. Тус компани шийдвэрлэх үедээ ирснийг борлуулалтын тайлангаас нь харж болохоор байна. Тухайлбал, "Model S" седан загвараас 12 мянгыг, "Model X" спорт загвараас 10 мянгыг борлуулсан нь шинжээчдийн таамагт хүрээгүй юм.


Шинжээчид TSLA-ийн хувьцааны ханшийг 299.94 ам.доллар байх ёстой гэж үзэж байна. Энэ нь одоогийн ханш болох 352.62 ам.доллароос 14.9%-аар доогуур ханш юм.