ОУВС-ийн баг Монголын эдийн засаг 2017 оны эцэст хоёр хувиар тэлнэ гэсэн хүлээлттэй хэвээр байна. Энэ нь Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, үүнийг дагаад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан мөн Монголын Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд "хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай" холбоотой гэж үзсэн. Харин "Moody's" агентлагийн тухайд, 2017 онд эдийн засаг 0.2 хувиар агшина гэж тооцоолсон юм. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө 2018 он хүртэл мэдрэгдэхгүй гэж үзсэн. Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2017 онд 0.2 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Үүнд уул уурхайн экспорт дагасан сэргэлтээс гадна "Оюутолгой"-н хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь голлон нөлөөлнө гэж дүгнэсэн ажээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банк Монголын ДНБ 2017 онд 2.5 хувиар өснө гэж таамагласан. Үүнийгээ уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтуудын нөлөө гэж тайлбарласан юм. Ийнхүү олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн энэ оны төлөвийг ялгаатай байдлаар харж байна. "Fitch" агентлагийн хувьд, эдийн засгийн сэргэлт мега төслүүдээ хэрэгжүүлэхээс хамаарна гэж дүгнэсэн.

Эх сурвалж: bloombergtv.mn