Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа эдийн засгаа сэргээхийн тулд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Засгийн газар ч мөн адил “...Төсвийн орлого давж биелсэн учраас хүүхдийн мөнгийг олгож байна” хэмээн мэдэгдэж байсан.

Гэтэл гэнэтхэн Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн үеэр Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийж хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 140 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Уг асуудалтай холбогдуулан энэ сарын 17-нд ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирж тусламжийг зориулалтын бусаар зарцууллаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. ОУВС-гийнхан өчигдөр Сангийн яаманд ажилласан, өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах аж. Мөн үүнээс болж Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох эсэхийг шийдэх шинжээчдийн багаа дуудсан гэдгийг албан бус эх сурвалж хэлсэн.

Бид Сангийн яамнаас тодруулахад “ОУВС-гийн шинжээчид өчигдөр сангийн яаман дээр ажилласан. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах шугамаар шинжээчид нь ирж ажиллаж байгаа. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин Засгийн газраас асуухад “ОУВС-гаас хүмүүс ирээгүй. Одоогоор бидэнд ямар ч мэдээлэл байхгүй” гэх хариултыг өглөө.

ОУВГ-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэрийг гаргаж эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар тавдугаарын сарын 24-нд орж ирсэн билээ.

Эх сурвалж: www.medee.mn