Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр “Тавантолгой”-ийн нүүрсийг ОХУ-ын "Восточный" боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яригдав. Тухайлбал, “Дорнын эдийн засгийн форум”-д оролцож буй Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь "Восточный" боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ОХУ-ын талаас "Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад “Тавантолгой”-ийн нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой" гэсэн саналыг албан ёсоор тавьсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. “Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм. “Восточный” боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34.8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлжээ. Өнгөрсөн онд “Энержи Ресурс”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Японы “Сумитомо" корпорацийн байгуулсан консорциумыг “Тавантолгой” төсөлтэй холбоотой хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтийг Засгийн газар гаргаж байсан юм. Хэдий тийм боловч түүнээс хойш хэлэлцээний явц зогсонги байдалд ороод байна. Хэлэлцээний үеэр “Энержи Ресурс”-ын тал “Тавантолгой”-ийн нүүрсний гарцын 25 хувийг Япон, БНСУ-д нийлүүлэх санал гаргаж байв. Мөн “Энержи Ресурс” компани “Сумитомо” корпорацитай хамтран Японд нүүрс нийлүүлж байгаа талаар тухайн үед мэдээлж байлаа. ОХУ-ын Владивосток хотод “Дорнын эдийн засгийн форум”-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор гадаадын бизнесмэнүүд болон Төр, Засгийн тэргүүнүүдийг урьж оролцуулдаг. Гол зорилго нь бүс нутагтаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажээ. Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзах товтой байна. Үүнээс гадна Японы “JBIC” банкны Гүйцэтгэх захирал Тадаши Маэда, “Ок Русал” компанийн Ерөнхийлөгч Олег Дерипаска нар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана. “Дорнын эдийн засгийн форум”-ын үеэр болох Монгол-ОХУ-ын Бизнес форумын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, Алс Дорнодод хэрэгжүүлж болох хамтарсан төслүүдийн талаар ярилцах аж. Мөн Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ, Монголын Хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хоёр талын оролцоотой хэрэгжүүлж болох тээврийн салбарын төслүүдийг танилцуулах юм.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia