"СҮҮ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


"Сүү” ХК (MSE:SUU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 8-р сарын 04-ний өдрийн №09 тоот тогтоолоор компанийн нийт хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаандаа 10 төгрөг буюу нийт 3.44 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2017 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 4-р сарын 05-ны өдрөөр гаргах бөгөөд ногдол ашгийг 2017 оны 9-р сарын 04-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.

Сүү ХК нь 2017 оны 06 сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж нийт 6.0 тэрбум төгрөгийн 12 сарын хугацаатай, 17.50%-ийн хүүтэй өрийн хэрэгслийг амжилттай арилжаалсан. Энэхүү хэлцлийн үндсэн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК, туслах андеррайтераар Ард Капитал Групп ҮЦК ХХК, Тэнгэр Капитал ҮЦК ХХК ажилласан байна.

Бондын зарцуулалт нь (i) эхний ээлжийн шаардлагатай тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт татах, (ii) тогтмол ногдол ашиг тараах болон гадаад валютын ханшийн алдагдлыг арилгах зорилгоор ам.долларын зээлийн үлдэгдлийг хугацаанаас нь өмнө эргэн төлөх ба үүний хүрээнд 2017 оны 07 сарын 06-ны өдөр гадаад зээлээ хугацаанаас нь өмнө амжилттай эргэн төлж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох боломжтой болжээ.

Бонд гаргаснаас хойш хувьцааны ханш 131 төгрөгөөс 165 төгрөг болж 2 сарын дотор 26%-ийн өсөлт үзүүлсэн байна. Үүнд энэ оны эхний хагас жилийн байдлаарх компанийн ашигт ажиллагаа өнгөрсөн онтой харьцуулахад өсөлттэй гарсан нь нөлөөлжээ.

Сүү ХК нь 2017 оны 7-р сарын байдлаар нийт 28.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого (өмнөх оны мөн үеэс 14.33%), 2.6 тэрбум төгрөгийн ашигтай (өмнөх оны мөн үеэс ↑148%) ажилласан ба жилийн эцсийн байдлаар нийт 4.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байна.

Компанийн эхний хагас жилийн тайлантай энд дарж танилцана уу.