Үнэ цэнэ, брэндээ бүтээчихсэн 

“Түмэн шувуут”

“Түмэн шувуут” компани сар шинийн өмнө яг өдийд цэвэр ашгийнхаа таван хувийг ажилчдадаа тарааж өгдөг уламжлалтай. Ирэх жилүүдэд ч энэ уламжлалаа таслахгүй гэж компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр ярилаа.

Хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум төгрөг босгохоор IPO гаргаж буй тус компани хөдөө ахуйн цогц шийдэл бүхий таван төсөл хэрэгжүүлнэ. Төслүүдээ хэрэгжүүлсэн эхний жилдээ  тав орчим тэрбум төгрөгийн, 2022 оноос жилд арав гаруй тэрум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах тооцоо гаргажээ.



Тэд цэвэр ашгийнхаа 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгож тараана. Энэ бол хувьцаа авч буй хөрөнгө оруулагчдын хувьд онцолж хэлэхээр сайн мэдээ. Хөрөнгийн зах дээр хувьцаа нь арилжаалагддаг олон компани ногдол ашгаа тараадаггүй гэсэн асуудал үүсдэг. Тэгвэл “Түмэн шувуут” тэгэхгүй нь.

Ажилчдадаа цэвэр ашгаасаа хувь хүртээдэг компанийн тухайд ногдол ашиг хуваарилна гэсэн мэдэгдэлд нь итгэх бүрэн үндэс бий. Өөрөөр хэлбэл энэ компанийн хувьцааг худалдан авагчдад хоёр давуу тал үүсэж байна.

 Хөдөө аж ахуйн, хүнс тэжээлийн чиглэлийн үйлдвэрлэл эдийн засгийн ямар ч хүндрэлтэй үед ашгаа алддаггүй, ганхдаггүй онцлогтой. Тэр утгаараа “Түмэн шувуут”-ын үйл ажиллагаа нь өргөжих хэрээр хувьцааны ханш өсөх нь тодорхой зүйл юм.

 Өнөөдөр таны худалдаж авсан хувьцааны ханш гурав, дөрвөн жилийн дараа хэдэн арав дахин өссөн байхыг үгүйсгэх аргагүй. Ийм өнцгөөс харвал хувьцааны ханш өсөх хэрээр мөнгө тань үржнэ. Энэ бол “Түмэн шувуут”-ын өсөлтөөс таны олох эхний ашиг.

Энэ компанийн хувьцаа эзэмшигчид хоёр дахь ашгаа жил бүр хүртэнэ. Өөрөөр хэлбэл “Түмэн шувуут”-ын  үйлдвэрлэл тэлж ашиг өсөх тусам зүгээр сууж байгаад жил бүр ногдол ашиг хэлбэрээр авах мөнгө тань өссөөр байна гэсэн үг.

Хөрөнгийн зах дээр арилжаа хийдэг тоглогчдоос нэг зүйл их тод анзаарагддаг. Тодруулж хэлбэл туршлагатай тоглогчид тухайн компанийн характерыг харж хувьцааг нь худалдаж авдаг.

 Энэ шалгуурт бүрэн нийцэх компаниудын нэгд  “Түмэн шувуут” зүй ёсоор багтана. Дотоодын өндөгний зах зээлийн 53 хувийг атгадаг энэ компани  2004 онд  18 ажилтан, хорин мянгахан өндөглөгч тахиатайгаар бизнесээ эхлүүлж байсан бол өдгөө 170 ажилтан, 310 мянган өндөглөгчтэй тахианы аж ахуй, тэжээлийн үйлдвэр, усалгаатай газар тариалан, гурилын үйлдвэртэй үндэсний томоохон компани болтлоо өргөжөөд байна. Зээлээ хугацаанд нь төлдөг, авсан зээлээрээ бүтээн байгуулалт өрнүүлж үйл ажиллагаагаа байнга өргөжүүлсээр ирсэн, хоёр тайлангүй, шилдэг татвар төлөгчдийн тоонд багтдаг гэх мэт давуу тал олонтой компани. 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийчихээд нийгмийн даатгал, татвар шимтгэлтэйгээ нийлээд 2.1-2.5 тэрбум төгрөг улсад тушаана гэдэг борлуулалттай нь харьцуулбал онцлохоор том үзүүлэлт.

Ямар ч компани  IPO хийхийн өмнөх шатанд санхүүгийн тайлангаа хөндлөнгийн, хараат бус шүүлтүүрээр оруулдаг. “Түмэн шувуут”-ын санхүүгийн тайланг шалгасан  мэргэжлийн экспертүүд  маш сайн гэсэн дүн тавьж. Бүр тодруулж хэлбэл  “Сүүлийн үед хувьцаагаа арилжаалж хөрөнгө босгож байгаа компаниудаас хамгийн бодитой үйлдвэрлэл явуулдаг, санхүүгийн үзүүлэлтүүд нь онцгой сайн компани байна” гээд дүгнэчихэж. Нэг зүйлийг онцлоход “Түмэн шувуут”-ын санхүү өнгөрсөн жилүүдэд тогтмол өссөөр өнөөг хүрчээ.

Сүүлийн статистикийг нь сөхье. 2017 оны жилийн эцсээр 13 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан бол 2018 оны эхний гурван улирлын байдлаар 12.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.  Борлуулалтаа дагаад цэвэр ашиг нь ч тогтмол өссөөр  ирж. 2017 онд 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан энэ компани өнгөрсөн  оны эхний гурван улирлын байдлаар 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Ямар ч компанийн чансааг гаргасан бүтээгдэхүүнийх нь чанараар хэмждэг. “Түмэн шувуут”-ын тухайд гаргасан бүтээгдэхүүн бүр нь зах зээлд танигдаж брэнд болчихсон. Эдний  өндгийг хэрэглэдэггүй айл байхгүй  гэчихэд хэтрүүлэг болохгүй. Тэд тэжээлийн зах зээл дээр ч том тоглогч.

 “Агро Фийд” үйлдвэрийнх нь “Хурд”  адууны тэжээл гэхэд л хэрэглэгчдийн уралдаж авдаг бүтээгдэхүүн болчихсон. IPO-гоос босгосон мөнгөөрөө царгас тариалж,  царгасаар баяжуулсан тэжээл үйлдвэрлээд эхлэхээр ашиг орлого нь огцом өсөх нь гарцаагүй. Брэнд бүтээгдэхүүнүүд нь “Түмэн шувуут”-ын 14 жилийн турш бүтээсээр ирсэн үнэ цэн.

Энэ компанид бас нэг сайн характер бий. Тендерээр хөлжсөн компаниудаас тэс өөр, өөрөөр хэлбэл амар олдсон мөнгө эднийд байдаггүй. Тэжээлийн зах зээлд тэргүүлэгч учраас ганц тендерт өрсөлдөж, ялж үзсэн. Угаасаа л тендэрт хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шалгардаг нь жам гэдэг утгаараа. Төгрөг бүрээ хөлс хүчээр олдог учраас тансаглал байдаггүй нь эдний компанийн  давуу тал. Хувьцаа эзэмшигчдийн мөнгийг өсгөж, үржүүлж, үйл ажиллагаагаа тэлэхэд л зарцуулна гэдэг маш сайн соёл.

 Компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяртай уулзаж суухад “30 жил бизнес хийгээд 2016 онд анх удаа ланд  200 шинээр авч байлаа. Манай компани хуримтлалаа зөвхөн дараагийн үйлдвэрлэлийнхээ өргөтгөлд зарцуулдаг” гэж ярьсныг энэ дашрамд онцолъё.   

Хүний нөөцийн хувьд  тогтвортой кормпаниудын нэг гэдгийг нь бас тодотгох учиртай. Гүйцэтгэх захирал Ж.Болд гэхэд л энэ компанийг тасралтгүйгээр 11 жил удирдаж яваа. Компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаярын тухайд зоотехникч мэргэжилтэй.  Мэргэжлийн хүн учраас  алсын харааг нь зааж чиглүүлж өгдөг гэж “Түмэн шувуут”-ынхан онцолж байсан юм.

 Тахианыхаа идэш ихэдсэнийг нэг хараад л мэдэрдэг Ч.Нэмэхжаргал гэж бүсгүй эдний компанийн өндөглөгч тахианы аж ахуйн дарга. Ажилтан бүр нь Ч.Нэмэхжаргал шиг ажилдаа дуртай, мэргэшсэн гэж компанийн удирдлагууд  онцолж байна.  

“Түмэн шувуут”-д ажилд орсон хүн эргэж буцалгүйгээр тогтвортой ажилладаг гэсэн давуу тал анзаарагдсан. Ч.Нэмэхжаргал гэхэд 13 дахь жилдээ ажиллаж байна. Удаан хугацаанд ажилласан ажилтнууд нь ур чадвартай, гүйцэтгэл сайтай байдаг гэж хүний нөөцийн мэргэжилтнүүд онцолдог.

“Түмэн шувуут”-ын тухайд нийт ажилчдынх нь 80 хувь таван жилээс дээш хугацаагаар компанидаа зүтгэжээ. “Түмэн шувуут”-ын брэнд бүтээж, өндөр үнэ цэнтэй ажиллаж яваагийн хамгийн том  давуу тал нь энэ. Компанийн удирдлага нийтлэлийн эхэнд дурьдсанчлан цэвэр ашгийнхаа таван хувийг ажилчдадаа тараахаас  гадна саяхан бүх ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр өсгөжээ. Үүнээс гадна ипотекийн зээлд хамрагдсан ажилтнуудынхаа байрны зээлийн эхний хоёр жилийн хүүг төлж өгдөг уламжлалтай юм билээ.

“Түмэн шувуут”-ын хувьцааг худалдан авч байгаа хүмүүс энэ компанийн хувьцааг ямар хүмүүс эзэмшдэгийг сонирхож таарна. Бид энэ талаар компанийн үндэслэгч Л.Эрхэмбаяраас тодруулахад “Манай компанийн хувьцааны 40 хувь нь миний нэр дээр байдаг. 40 хувийг нь эхнэр маань эзэмшдэг.  Надтай адил зоотехникч мэргэжилтэй хүн бий. Манайх гэр бүлээрээ хөдөө аж ахуйн бизнес эрхлээд олон жил болж байна. Гүйцэтгэх захирал Ж.Болд компанийн хувьцааны арван хувийг эзэмшдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Мэргэшсэн туршлагатай удирдагч. Үлдсэн 10 хувийг эзэмшигч нь манай компанийн гадаад харилцаа хариуцсан захирал Э.Баяржаргал. Бээжингийн их сургууль төгссөн, англи, хятад хэлтэй бүсгүй бий. Арван жилийн турш компанийн гадаад харилцааг хариуцаж яваа.

Монголын эрдэмтэн мэргэдийн олон жилийн судалгаа шинжилгээгээр ХАА-н салбарт хэрэгжүүлэх ёстой олон ажил байна. Зах зээл нь ч байна. Тиймээс бид хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэх төсөлд Монгол хүн бүр гар бие оролцож, үр ашгийг нь хүртэж, эзэн нь байгаасай гэсэн үүднээс Түмнийх болох шийдвэр гаргасан” гэсэн юм.


Эх сурвалж: Ц.БААСАНСҮРЭН /Өдрийн сонин/