“Түмэн шувуут” царгас тариалж гурил, тэжээлийн үйлдвэрлэлээ тэлнэ.

 “Түмэн шувуут”-ынхан IPO-гоос босгосон мөнгөөрөө  “Хөдөө аж ахуйн цогц” шийдэл гэсэн малгай дор таван төсөл хэрэгжүүлэх юм. Манай сонин нийтдээ 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардсан өндөглөгч тахианы аж ахуй, махны чиглэлийн тахианы аж ахуй, хурганы махны экспортын  төслийнх нь тухай өмнөх дугаарууддаа нийтэлсэн. Энэ удаа усалгаатай газар тариалан, гурил, тэжээлийн үйлдвэрийнх нь төслийг онцолж байна.

Монголын хамгийн том усалгаатай газар тариаланг эдний компани эрхэлдэг. Усалгаанаатай газар тариалангаа үржил шимтэй хөрстэй гэж агрономичдын онцолдог Увс аймгийн Баруунтуруунд эрхэлж байна.

Баруунтурууныг аймгийн гурилын үйлдвэрүүдийг улаан буудайгаар хангах түшиц газар хэмээдэг.  4000 га газрыг услах хүчин чадалтай, 15 сая шоо метр багтаамжтай хиймэл нуур энэ төслийн амин сүнс нь. Энэ нуурыг 1978-1983 онд Оросын 400 гаруй инженер техникийн ажилтнууд байгуулж байж. Хиймэл нуурын тухайд хаврын улиралд хайлсан уруйн усыг газарт тариаланд ашигладаг юм.  Нэг удаа дүүргэчихэд долдугаар сарын 1 хүртэл ганц дусал бороо орохгүй байсан ч эрсдэлд орохгүйгээр газар тариалангаа эрхэлж болох давуу талтай.






Энэ байгууламжийн бороожуулагчийг орчин үеийн шилдэг технологийн бороожуулагч системээр солихоор төлөвлөжээ. Монголд төдийгүй Азид байхгүй систем гэж төсөл хэрэгжүүлэгчид сонирхууллаа. Усалгааны иж бүрдэл энэ байгууламжийг “Түмэн шувуут” компани хоёр жилийн өмнө худалдаж авчээ. Эрчим хүчний шугам татаж, хашаажуулах гэх мэтээр багагүй хөрөнгө оруулалт хийсэн усалгааны системдээ  1.6 тэрбум төгрөг зарцуулахаар болж. 1800 га газартай тариалангийн 500 га-д нь улаан буудай тариалжээ. IPO хийсний дараа царгас тариалахаар төлөвлөжээ. Цаашид малын тэжээлийн нэг болон олон наст ургамал тариалах зураг гаргачихаж. Тарьсан царгасаа малын тэжээлийн үйлдвэртээ түүхий эд болгож ашиглана гэж тооцжээ.   Усалгаатай тариалангийн талбайн хэмжээгээ 2020 онд 2000 га хүргэх нь. Харин 2024 онд усын нөөцөө бүрэн ашиглаж 4000 га-д хүргэх юм байна.

“Түмэн шувуут” компанийнхан гурилын үйлдвэртэй. Тариалсан улаан буудайгаараа гурил үйлдвэрлэж баруун аймгуудын хэрэгцээг хангадаг юм. Царгасаар витаминт гурил хийнэ гэсэн санаа нь эрүүл хооллолтод анхаарсан өнөө цагт эрэлттэй бүтээгдэхүүн болно гэдэгт эргэлзэх зүйл алга. Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд гурилын үйлдвэргүй.

Ийм шалтгаанаар баруун аймгийнхан нийслэлээс 15-30 хувийн тээврийн зардал шингэсэн үнээр гурилаа худалдаж авцгаадаг. “Түмэн шувуут” компани Баруунтуруунд ажиллуулдаг нэг ээлжинд 10 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай  үйлдвэрээ өргөтгөхөөр болсон  нь цаанаа ийм шалтгаантай. Зах зээл нь бэлээхэн байгаа гэсэн үг.

Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож хэрэгжүүлэх төслүүд нь бие биеэ нөхсөн, уялдаа холбоотой нь “Түмэн шувуут”-ын онцолж хэлэхээр том давуу тал. Царгасаа тэжээлийнхээ үйлдвэрийн түүхий эд болгоно, үйлдвэрлэсэн тэжээлээ өндөглөгч, махны тахианы аж ахуй, хурга бордохдоо хэрэглэнэ гэж ирээд яривал төсөл бүр нь холбоотой.

Улсын хэмжээнд дутагдаж буй уургийн өндөр агууламжтай хүчит тэжээл үйлдвэрлэнэ гэсэн өгүүлбэр “Түмэн шувуут”-ын IPO-гийн тайланд дурайж байна. Эдний тэжээлийн “Агрофийт” үйлдвэр Улаанбаатараас холгүй байдаг тухай өмнөх нийтлэлдээ дурдсан. Малчдын хувьд өвөл, хавар тэжээлийн хомсдолд ордог, фермерүүд ч өндөр шимтэй тэжээлийн мөнхийн эрэлттэй амьдардаг.

Тэжээлийн зах зээлийн 80 хувийг байгалиас бэлдсэн өвс тэжээл эзэлдэг бол 20 хувийг нь хүчит тэжээл эзэлдэг гэсэн статистик бий. Цөлжилт ихэссэн, ган гачгийн давтамж ойртсон гэх мэт шалтгаан  хадлан өвсний гарцыг бууруулаад байгаа. Ийм шалтгаанаар малчид, фермерүүд малын хүчит тэжээлийг сонгох болж.

Ойрын 3-5 жилд тэжээлийн зах зээл 10 дахин өснө гэсэн прогноз хүртэл гарчээ. Тэжээлийн зах зээл 322 тэрбум төгрөгөнд эргэлддэг. Үүний 10 тэрбум нь импортын тэжээлд ногддог. Малын тэжээлийн зах зээлд өрсөлдөх боломж, орон зай “Түмэн шувуут”-д байгааг эндээс харж болно. Өнөөдрийн байдлаар “Агрофийд” үйлдвэр өндөглөгч тахианы таван төрлийн тэжээл, малын зургаан төрлийн тэжээл бэлтгэж байна.

Нэг тарьчихсан байхад тав зургаан жилийн турш жилд хоёр удаа ургац өгдөг царгас “Түмэн шувуут”-ын  тэжээлийн зах зээлээ өргөжүүлэх хөшүүрэг болно. Царгасаа Увсаас тээвэрлэхэд нэг кг-ыг нь 150 төгрөг зарж авчрах тооцоо гарчээ. Уургийн хаан гэгддэг царгасаар тэжээлээ баяжуулчихвал чанар нь дээшлэхээс эхлээд олон давуу тал үүсэх нь тодорхой л доо. Оросоос эрдэнэшиш, хар буурцаг авчрахаас хямд тусна гэж “Түмэн шувуут” компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр тайлбарлав.

“Агро Фийд” үйлдвэрийн бүтээгдэхүүн өөрийн гэсэн хэрэглэгчтэй, дотоодын зах зээлд аль хэдийнэ брэнд болсныг нотлох олон баримт бий. Наад захын жишээ дурдахад эдний үйлдвэрлэдэг хурдан морины тэжээл. Америкаас орж ирдэг тэжээлийг 150 мянган төгрөгөөр  хэрэглэгчид одоо “Түмэн шувуут”-ын “Хурд” тэжээлийг 36 мянган төгрөгөөр уралдаж авдаг болжээ. 


Эх сурвалж: Ц.БААСАНСҮРЭН /Өдрийн сонин/