“УРБАН БОНД II” АМЖИЛТТАЙ ГАРЛАА

Монголын деним хувцас үйлдвэрлэлийн анхдагч 'Денимон' ХХК хөрөнгийн зах зээл дээр хаалттай хүрээнд нийт 750 сая төгрөгийн “УРБАН БОНД II”-ыг амжилттай арилжиж дууслаа. “УРБАН БОНД II”-ыг 2 транчаар хувааж гаргасан бөгөөд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад зориулсан 2-р транч нь 7 сарын хугацаатай, жилийн 17.0% хүүтэй, 100% даатгагдсан байсан нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэхүү бонд нь тус компанийн хоёр дахь бонд болж байгаа ба энэ оны 4-р сард эхний хаалттай бондын санхүүжилтээр жийнсэн бус шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гарган 7-р сард бондын эргэн төлөлтөө амжилттай гүйцэтгэж байв.

Энэ удаагийн “УРБАН БОНД II”-ын санхүүжилтээр компани “URBAN BRAND”-ийн намар, өвлийн коллекцийн шинэ загварууд болон зах зээлд шинээр бомбер жакет, пиджак, куртик, пальто, дизайнер жийнс зэрэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Бондын андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд ажилласан ба даатгагчаар “Монре Даатгал” ХХК ажилласан байна. Даатгагдсан бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд шинээр нэвтэрч буй үйлчилгээ бөгөөд одоогоор Урбан Бонд–II нь компаний хаалттай хүрээнд арилжигдаж байгаа 3 дахь даатгагдсан бонд гэдгээрээ онцлог юм.