Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг 2017 оны хагас жилийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийт экспортын үнийн дүн 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 41.3 хувийг нүүрсний экспорт эзэлж, олборлолт нэмэгдсэн нь орлого өсөхөд голлон нөлөөлжээ. Манай улс эхний зургаан сарын байдлаар нийтдээ 19.1 сая тонн нүүрс экспортолж, 1.3 тэрбум ам.долларын орлого олсон байна . Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ 9.5 сая тонноор, орлого нь 982.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин эхний хагас жил нийтдээ 732.9 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргажээ. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 84.2 мянган тонноор өссөн. Харин экспортод гаргасан зэсийн баяжмалын үнэ мөн үетэй харьцуулахад 7 хувиар буурсан дүнтэй гарсан байна.

Эхний хагас жилийн байдлаар нийгэм, эдийн засгийн зарим голлох үзүүлэлтийг тоймлон хүргэж байна.
  • 1000 хүнд ногдох төрөлт 11.3, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 8.8 хувь болсон байна.
  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын эцэст 40,4 мянга болжээ.
  • Нийгмийн даатгалын сангийн орлого 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зарлага нь 918.3 тэрбум болсон байна.
  • Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл оны эхний хагаст 528 болж 34.8 хувиар буурсан байна.
  • Халдварт өвчнөөр өвчлөгчид 26.1 мянга болсон бөгөөд энэ нь өмнөх оноо бодвол 49.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
  • Мөнгөний нийлүүлэлтийн хувьд өмнөх онын үеэс 2.6 (26.9%) их наяд төгрөгөөр өсч, харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оны үеэс 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Экспорт өмнөх оны үеэс 913.3 сая америк доллараар өссөн. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн байна.
  • Импорт өмнөх оны үеэс 431.5 сая америк доллараар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Эх сурвалж: www.itoim.mn