Өнгөрсөн ням гаригт Хятадын баруун хойд Цинхай мужаас Казахстанаар дайран Орос хүрэх төмөр замын ачаа тээврийн шинэ маршрут нээсэн байна. Энэ талаар “Синьхуа” агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав. Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ачсан уг галт тэргийн эцсийн өртөө Пермь хот бөгөөд тус хотод ачааг ердөө 10-хан хоногт хүргэх ёстой. Ингэснээр далайгаар тээвэрлэснээс 30 хоногоор бага хугацаа зарцуулах юм байна. Тус маршрутын нийт урт 6300 км, Хятадын эрх баригчид ийм шинэ маршруттай болсноор Орос дахь Хятадын барааны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. Албан ёсны статистик мэдээгээр, Хятад улсаас Евразийн нутгаар дайран Европ, ОХУ болон бусад улсууд руу 20 гаруй ачааны галт тэрэг тогтмол явах болжээ.

Эх сурвалж: Medee.mn