Монголбанкны журамд зааснаар гадаадын банкны төлөөлөгчийн газар нь аливаа үйл ажиллагаа эрхэлдэггүй, зөвхөн гэрээ хэлцэл хийх, мэдээллээр хангах үүрэг бүхий нэгж юм.Зургийг: coindesk.com

Гадаадын банканд хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг энэ долоо хоногт УИХ хэлэлцэх гэж байна. УИХ-аар баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт валютын орох урсгалыг нэмэгдүүлж, улсын төлөх ёстой гадаад өр төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр гадаадын банкны салбар, нэгж байгуулах боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах асуудал багтжээ. Ингэхийн тулд одоо үйлчилж буй банкны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Одоо үйлчилж буй Монголбанкны журамд зааснаар гадаадын банкны төлөөлөгчийн газар нь аливаа үйл ажиллагаа эрхэлдэггүй, зөвхөн гэрээ хэлцэл хийх, мэдээллээр хангах үүрэг бүхий нэгж юм. Шинэ хуулийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй байх юм байна. Мөн иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй гэдэг нь хэт өргөн чиглэл байгааг дотоодын санхүүгийн салбарынхан онцолж байна. Хэдий тийм боловч хуулийн төслийн VI зүйлд зааснаар гадаадын банк зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах худалдан авах, зээл болон санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах эрхтэй байхаар байна. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, даатгалын зуучлагч, андеррайтер, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар байгаа нь хөрөнгийн зах зээл хангалттай хөгжөөгүй Монгол Улсын хувьд эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид анхааруулж байна.

2016 онд дотоодын зах зээлд оролцогчид нийт дүнгээр 252.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг зах зээлийн дүн шинжилгээний marketinfo.mn цахим хуудаст мэдээлжээ. Оролцогчдын ашгийн хэмжээг өмнөх 2015 онтой харьцуулбал банкнаас бусад салбарынхан ашгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байгаа бол банкнуудын ашиг өмнөх оноос 32 хувиар буурсан байна.

Мөн сүүлийн хоёр жилийн бүтцийн өөрчлөлтийг харвал банкнууд салбарын бүтцэд эзлэх хэмжээ буурч, бусад салбарын эзлэх хэмжээ нэмэгдсэн байна. Одоогоор Монголд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, “Standard Chartered”, “ING”, Японы “Sumitomo Mitsui Banking Corporation”, “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” болон “Bank of China” төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn