Манай улсын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ХК бол “Эрдэнэс таван толгой”. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тов гарч, өнөөдөр болно.

Энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал өмнөх жилүүдийнхээс ихээхэн өөр нөхцөлд болох гэж байна. Хамгийн түрүүнд тус компани 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигчээ компанийн балансдаа албан ёсоор бүртгэж дууссаныг онцлох хэрэгтэй. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 2.5 сая иргэн оролцох боломжтой гэсэн үг. Өнгөрсөн онд ч хувьцаа эзэмшигч иргэн бүрт хуралд оролцох боломж нээлттэй байсан. Гагцхүү санал өгөх эрх л өнөөг хүртэл хаалттай байна.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг чөлөөлж, шинэ захирлыг томилоогүй байна. Одоогоор тус компанийг Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ганболд удирдаж байгаа юм.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдлөө. БНХАУ-ын “Чалко” компанийн болон Хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр уурхайгаас Гашуун Сухайт боомт хүртэлх авто замыг хос болгох, замыг олон улсын стандартад нийцүүлж, зам дагуу амрах хэсгүүд байгуулах, нүүрс баяжуулах үйлдвэр, цаашлаад цахилгаан станц барих гэх мэт том төслүүдээ санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

(gogo.mn)