Торонтод бүртгэлтэй "Centerra Gold" компани энэ оны II улиралд 23.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь 2016 оны мөн үеийнхээс найм дахин нэмэгдсэн. Харин орлого нь 279.2 сая ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 74 хувиар өсжээ. "Centerra Gold"-ын ашиг, орлого нэмэгдэхэд Кумторын уурхай дахь алтны гарц 42 хувиар өсөж, 195.7 мянган унци болсон нь нөлөөлсөн байна. Үүнээс гадна Миллиган уулын ордоос 57 мянган унци алт олборложээ. Зургадугаар сарын 30-ны байдлаар компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл болон богино хугацааны хөрөнгө оруулалтын хэмжээ 401.4 сая ам.доллар болсон байна. Монгол дахь хөрөнгүүдийнх нь үнэлгээ 41.3 сая ам.доллараар буурсан талаар мөн тайландаа дурджээ. "Centerra Gold" Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм. Гэхдээ одоохондоо урьдчилсан ТЭЗҮ боловсруулах шатандаа яваа мөн Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа зэргээс болж ийнхүү үнэ цэнийг нь бууруулсан. Үүнээс гадна өнгөрсөн сард Нийслэлийн Анхан шатны шүүх "Centerra Gold"-ын Ноён-Уулын ордын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn