"EBay" компанийн борлуулалтын өсөлтөд ахиц гарсангүй. Тус компани маркетингдаа анхаарч, цахим хуудасныхаа хэрэглээг хэрэглэгчдэд илүү дөхөм болгосны дүнд, I улиралд компанийн борлуулалт 3.7 хувь өсөж 2.22 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх улирлын өсөлттэй ойролцоо үзүүлэлт болж байна. "Amazon"-д байдаггүй онцгой бараа, бүтээгдэхүүнийг цахим хуудсандаа байршуулах сонирхолтой "EBay" компани борлуулалтаа огцом нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа юм. Гэхдээ компанийн хүчин чармайлтын үр дүн хөрөнгө оруулагчдыг гонсойлгож байгаа талаар шинжээчид онцолсон байна. Тодруулбал, цахим худалдааны "EBay" компани II улирлын орлогоо 2.28-2.32 тэрбум ам.доллар болно гэж тооцоолсон. Харин энэ нь шинжээчдийн таамагт хүрэхгүй байх магадлалтай байгаа ажээ. Цаашлаад компани нэгж хувьцаанд ногдох ашгийг 43-45 центээр тооцоолж буй нь шинжээчдийн таамагласан 47 центэд хүрээгүй дүн болжээ. Энэхүү мэдээллийн дараа 2017 он гарсаар 14 хүртэлх хувиар өсөөд байсан тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 4.5 хувиар унажээ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn