Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development“-ийн хувьцааны ханш сүүлийн тав хоногт 8.99 хувиар өссөн байна. Энэ нь тус компани өнгөрсөн долоо хоногт Монголд хэрэгжүүлж байгаа “Баян хөндий”, “Алтан нар” төслүүдийнхээ 24 мянган метрийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэнтэй холбоотой ажээ. Эдгээр орд нь Оюутолгой, Цагаан суваргын бүслүүрт багтдаг, алтны илэрц сайн байх магадлал өндөртэй ордуудад тооцогдож байна.

Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид мөн бүртгэлтэй “Centerra Gold” компани “Riverside Resources”-тай хамтран Мексик дэх “Glor” алтны төслийн өрөмдлөгийг эхлүүлсэн байна. Компаниуд эхний ээлжид нийт 2000 метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. “Centerra Gold”-ийн хувьд сүүлийн нэг сарын хугацаанд хувьцааны ханш нь 9.91 хувиар өссөн байна. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар “Centerra Gold”-ийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа Гацууртын ордыг энэ онд эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьж байгаа юм. Тиймээс компанийн үйл ажиллагаанд ойрын хугацаанд нэлээд эерэг өөрчлөлт гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Мөн “S&P” агентлаг “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto”-ийн хэтийн төлөвийг "тогтвортой" гэж үнэлж байснаа "эерэг" болгон нэмэгдүүлсэн байна. Энэ нь ойрын хугацаанд түүхий эдийн ханш өснө гэсэн хүлээлт байгаатай холбоотой юм. Түүнчлэн “Rio Tinto” компани I улирлын санхүүгийн тайлангаа Лондоны цагаар лхагва гарагийн орой 23.30 цагт танилцуулахаар товлоод байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn