“Goldman Sachs" банкны бондын арилжааны орлого таамагласан түвшинд хүрэлгүй буурсны улмаас тус банкны хувьцааны ханш өнгөрсөн зургаадугаар сараас хойш их хэмжээгээр буураад байна. Түүхий эдийн болон валютын эрэлт сул байснаас шалтгаалан тус банкны арилжааны тогтмол орлого 1.69 тэрбум ам.долларт хүрчээ. Харин шинжээчид 2.03 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан аж. “Goldman Sachs” банкны орлого 27 хувиар өсөж, 8.03 тэрбум ам.долларт хүрсэн нь мөн л шинжээчдийн таамагт хүрээгүй байна.

Үүнээс гадна АНУ-ын хоёр дахь том банк болох "Bank of America"-ийн I улирлын ашиг 40 хувиар өсжээ. Үүнд арилжааны орлого өсөж, сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа шинээр ажилтан авсан нь нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа юм. Тус банкны Гүйцэтгэх захирал Брайан Мойнихан "АНУ-ын эдийн засгийн талаар эерэг хүлээлттэй байгаагаа" илэрхийлжээ. "Bank of America"-ийн арилжааны тогтмол орлого 29 хувиар өсөж, 2.93 тэрбум ам.долларт, хувьцааны арилжааны орлого 7.4 хувиар өсөж, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn