Хаалттай хүрээнд гаргасан хувьцааны арилжаагаа зогсоосноос хойш “Prophecy Development” компанийн хувьцааны ханш сүүлийн тав хоногт 6.5 хувиар буурлаа. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани 103 мянга 250 нэгж хувьцааг нэг бүрийг нь дөрвөн ам.доллараар үнэлэн гаргасан байна. Энэ хувьцаанаас тус компанийн Гүйцэтгэх тэргүүн захирал Жон Ли 30 мянган нэгжийг нь 120 мянган ам.доллараар худалдан авчээ. Энэ удаагийн хаалттай хүрээн дэх хувьцааны арилжааны захиалга өндөр байсан байна. Тус компани 413 мянган ам.долларын санхүүжилт татсан талаар мэдээллээ. “Prophecy Development” компани Улаан Овоогийн ордоос 16 мянган тонн эрчим хүчний нүүрсийг “Эрдэнэт үйлдвэр”, “Сэлэнгэ энерго” Дулааны цахилгаан станцад өнгөрсөн оны эцсээр нийлүүлсэн байна. Түүний дараа орон нутгийн жижиг Дулааны цахилгаан станцуудад I улирал дуустал нүүрс нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна “Prophecy Development” компани Боливт мөнгө, цайр, хар тугалганы төсөл, Канадад ванади, титаны ордын төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.