Газрын тос боловсруулалтаар дэлхийд тэргүүлэгч "Sinopec" компанийн хагас жилийн ашгийн үзүүлэлт 40 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Үүнд химийн бүтээгдэхүүний бизнесийнх нь ашиг нэмэгдсэн, газрын тос байгалийн хийн олборлолтын алдагдал буурсан нь нөлөөлжээ. Бээжинд төвтэй "Sinopec" компанийн Шанхайн Хөрөнгийн биржид ирүүлсэн мэдээллээс харахад тус компанийн цэвэр ашиг зургаадугаар сарын 30-наар эцэслэсэн хагас жилд 4.2 тэрбум ам.доллар болж өссөн байна. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас давсан төдийгүй хагас жилийн дүнгээр 2014 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Сүүлийн гурван жилд 50 хувиар буураад байсан газрын тосны үнэ 2017 оны эхний зургаан сард нэг баррел нь дунджаар 53 ам.долларт хүрсэн байна. Энэ нь нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн дүн болжээ. Үүний зэрэгцээ “Sinopec” хэдий байгалийн хийн гарцаа нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байсан ч өртөг өндөртэй газрын тосны олборлолтоосоо ашиг олох нөхцөл бүрдсэн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia