Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ашиг 173% өслөө.
Ашгийн өсөлт
Монголын Хөрөнгийн Бирж ХК /МХБ/ 2023 онд 12.1 тэрбум төгрөгийн арилжааны орлого, 4.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж, 8.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Компанийн өөрийн хөрөнгийн өгөөж жилийн 25.7% байгаа нь хөрөнгө оруулагч МХБ-ийн хувьцааг авснаар жилд ийм хувиар өгөөж хүртэхээр байна.
ТӨХК-иас ХК-д шилжих нь
МХБ ХК 2023.01 сард IPO хийж 11.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж нээлттэй ХК болсон.
Хэдийгээр МХБ ХК нь хувьцаагаа анх 2003 онд биржид бүртгүүлсэн ч 100% төрийн өмчлөлд байсан тул арилжаалах боломжгүй байсан юм.
Харин IPO хийснээр хувьцаа эзэмшигчид нь МХБ ХК-ийн хувьцааг арилжаалах боломж бүрдсэн билээ.
Төрийн өмчит компаниуд IPO хийснээр компанийн засаглал, үйл ажиллагаа сайжирч, ил тод мэдээллийн урсгал бий болох, улсын төсөвт төлөх татвар нэмэгдэх, хувьцаа эзэмшигчид өгөөж хүртэх зэрэг давуу талтай юм.
Уул уурхайн бирж
2023 онд МХБ ХК үйл ажиллагаагаа уул уурхайн биржийн арилжаагаар тэлж, нүүрсний туршилтын арилжааг 1 сард зохион байгуулснаас хойш нийт 299 удаагийн арилжаагаар 14.9 сая тонн нүүрс, 677 мянган тонн төмрийн хүдрийг арилжаалаад байна.
Энэ нь 2023 оны нүүрсний экспортын 21.5%, төмрийн хүдрийн экспортын 11.9%-тай тэнцэж байгаа юм.
Хоёр сард Засгийн газраас 2024 онд зэсийн баяжмал, молибдений баяжмалыг МХБ ХК-ээр арилжаалахаар шийдвэрлэсэн билээ.
Мөн 2024 онд хайлуур жоншийг арилжаалах бөгөөд цаашид уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл хэрэгслийн (фьючерс, опцион зэрэг) арилжааг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдах нь нээлттэй ил тод байдал хангагдах, зах зээлийн өрсөлдөөнт ханшаар арилжаалах, улсын төсөв бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна.
Ногдол ашиг
МХБ ХК нь 2023 оны ашгийн 50%-ийг буюу 4.4 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн.
Хамгийн сүүлийн хаалтын ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж жилийн 7.8%, оны эцсийн хаалтын ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж жилийн 10.6% байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй