Ханшийн уналтаас ашиг хүртэх боломж арилжаачдын дунд бий болно. /Үнэт цаасны зээлийн хуульд орсон онцлох өөрчлөлтүүд/
УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Тус хуульд орсон онцлох, шинэлэг, шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг олгосон өөрчлөлтийг тоймлон хүргэж байна.
Тоймловол:
Банкны хадгаламжийн сертификат
Хувьцааны хамтын санхүүжилт
Үнэт цаас зээлэх зээлдүүлэх
Гэрээний үндсэн дээр байгуулах хөрөнгө оруулалтын сан
- БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТ
Арилжааны банкнуудад харилцагчид бодит үнэт цаасан дээр хэвлэж өгдөг нэг төрлийн хадгаламжтай төстэй бүтээгдэхүүн байдаг.
Онцлог нь: Харилцагч мөнгө хэрэг болсон үедээ хадгаламжаа цуцалбал хүү буурдаг бол хадгаламжийн сертификатыг өөр этгээдэд зарахдаа ашигласан хугацааны хүүгээ шингээх боломж нээлттэй байдаг.
Сул тал нь: Хэвлэсэн үнэт цаасыг хадгалах, цаасан хэлбэрээр арилжаалахад хүндрэл тулгардаг.
Хууль батлагдсанаар: Тус бүтээгдэхүүнийг үнэт цаасны зах зээлд арилжаалах боломж бүрдсэнээр хөрвөх чадвар сайжрах, хадгалах, арилжаалах хэлбэр нь биет бус хэлбэртэй болох давуу талтай юм.
- ХУВЬЦААНЫ ХАМТЫН САНХҮҮЖИЛТ
Онцлог нь: Хамтын санхүүжилт нь тухайн бизнесийг санхүүжүүлэхэд шаардагдаж буй санхүүг олон хөрөнгө оруулагчийн тусламжтайгаар хялбараар богино хугацаанд шийдэхийг хэлдэг.
Давуу тал нь: Олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр цахим орчинд хөрөнгө оруулалт татдагаараа онцлогтой.
Дэлхий дахинд алдартай Хамтын санхүүжилтийн платформуудаас дурдвал Kickstarter, GoFundMe, StartEngine зэргийг хэлж болох юм.
- ҮНЭТ ЦААС ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ
Онцлог нь: Арилжаачдын хэлж заншсанаар /Short/ шорт арилжаа нэвтрэх боломж бүрдэж байна гэсэн үг. Товчхондоо өөрт байхгүй хувьцааг зээлж зараад ханшийн уналтаас ашиг хийхийг хэлдэг.
Хууль батлагдсанаар: Монголын хөрөнгийн зах зээлд ногдол ашиг, ханшийн өсөлтөөс ашиг олдог бол цаашид энэ төрлийн бүтээгдэхүүн бий болсноор ханшийн уналтаас ашиг хүртэх боломж арилжаачдын дунд бий болно.
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР БАЙГУУЛАХ
Онцлог нь: Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахад тусгай зориулалтын компани хэлбэртэй ХХК үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн зохицуулалттай.
Хууль батлагдсанаар: Хөрөнгө оруулагчид гэрээ байгуулж хуулийн этгээдийн эрхгүй хэлбэрээр санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах шинэ боломж бүрдэж байна.
Дүгнэлт:
- Шинэчлэгдсэн хуулийн хүрээнд давхардсан тоогоор 12 төрлийн журамд өөрчлөлт орох, шинээр батлагдах хүлээлттэй байна. Эдгээр өөрчлөлт, шинэ журмууд батлагдаж Хууль, зүйн яаманд бүртгэгдсэнээр дээрх зохицуулалт бодитоор хэрэгжих юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй