ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Системийн нөлөө бүхий ТОП-5 банкны ашиг өнгөрсөн оныхоос 58.7%-иар өслөө
Банкнуудын 2024 оны хагас жилийн тайлан зарлагдлаа. Цэвэр ашгаар нь харьцуулбал:
- ХААН банк 290 тэрбум төгрөг
- Голомт банк 273 тэрбум төгрөг
- ХХБ 174 тэрбум төгрөгийн ашигтай байна.
Ийнхүү нийт банкнуудын ашигт ажиллагаа 2024 оны 2-р улиралд 868 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийн ашиг болох 547 тэрбум төгрөгөөс 58.7%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Үнэлгээний үзүүлэлтүүд:
- P/E харьцаагаар үнэлбэл банкнуудын дундаж үнэ ашгийн харьцаа 4.0 гарч буй бөгөөд тайлангаа зарласан ТОП-20 компаниудынх 6.4 байна.
Иймд банкны секторын хувьцаанууд нь ТОП-20 компанийн хувьцаанаас ашигт ажиллагаатай нь харьцуулахад харьцангуй багаар үнэлэгдэж байна.
Харин банкнууд дундаа Голомт Банкны P/E харьцаа 7-р сарын 26-ны өдрийн байдлаар 2.44 байгаа нь банкны салбартаа хамгийн багаар үнэлэгдсэн хувьцаа болж байна.
- P/B харьцаа үзүүлэлтээр тооцвол системийн нөлөө бүхий банкнуудын үнэ дансны үнийн харьцаа 0.9 байгаа нь тайлангаа зарласан ТОП-20 компанийн дундаж болох 1.5-аас 1.7 дахин бага байна. Харин P/B харьцаа хамгийн бага компаниуд нь Төрийн банк (P/B=0.6), Голомт банк (P/B=0.8) байна.
Банкны секторын ашиг орлого нь эдийн засгийн бодит өсөлттэй шууд хамааралтай байдаг.
Аливаа улсын эдийн засаг тэлэхийн хэрээр аж ахуйн нэгж байгууллагуудын орлого нэмэгдэж, банканд байршуулах харилцах хадгаламж болон банкаар дамжуулан хийгдэж буй гүйлгээний тоо өсдөг билээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өссөнөөр банк санхүүгийн салбар дагаж өсөх зүй тогтолтой байдаг. Тэгвэл Монголын эдийн засгийн бодит өсөлт болон банкны салбарын өөрийн хөрөнгийн өсөлт хоорондын хамаарал (корреляци) нь 68%-тай буюу өндөр байгаа юм.
Ирэх онуудад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5%, 2025 онд 6.0% байна гэж Дэлхийн банкны зүгээс таамаглаад байгаа нь Хөгжиж буй Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн дундаж таамаглал болох 5.2%-иас өндөр байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй