Хэн нь ялбал аль салбарын компаниудын хувьцаа өсөх вэ?
Дональд Трамп ялалт байгуулбал хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
Хэрэв Дональд Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол худалдааны зөрчил хурцдаж, тэр дундаа АНУ-БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр юм. Энэ нь Хятадаас ихээхэн хамааралтай компаниудад томоохон дарамт үүсгэж болох талтай. Үүнд:
- Nvidia, Broadcom, Qualcomm зэрэг чип үйлдвэрлэгч компаниуд багтаж байна. Эдгээр компаниудын орлогын томоохон хувь нь БНХАУ-ын зах зээлээс хамаардаг учраас худалдааны хязгаарлалт, татварын нэмэгдлээс шууд хохирол амсах магадлалтай юм.
- Мөн Air Products, Chemicals Inc., Celanese зэрэг бараа материал үйлдвэрлэгч компаниуд ч хүнд байдалд орж магадгүй.
- Tesla-гийн хувьд Хятадын зах зээлээс хамааралтай учраас үнийн өрсөлдөх чадвар, борлуулалтын хэмжээ буурах эрсдэлтэй байна.
Гэхдээ нөгөө талаас Трампын эдийн засгийн бодлого нь уламжлалт эрчим хүчний салбар, ялангуяа газрын тос, байгалийн хийн олборлолтыг дэмжиж, дотоодын эрчим хүчний салбарын хязгаарлалтуудыг сулруулж, олборлолтыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөхөд чиглэнэ гэсэн хүлээлт байна. Ингэснээр дараах компаниуд ихээхэн ашиг хүртэх боломжтой:
- Baker Hughes, Exxon Mobil, Chevron зэрэг газрын тос, байгалийн хийн компаниуд багтаж байна.
- Мөн Трампын ялалт батлан хамгаалахын салбар, зэвсэг үйлдвэрлэгч компаниудад томоохон өсөлтийг авчрах хүлээлт байна. Бүгд Найрамдах намын засаглалын үед батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.
Камала Харрис ялалт байгуулбал хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
Камала Харрис Ерөнхийлөгч болвол түүний хэрэгжүүлэх бодлого сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин зэрэг ирээдүйд чиглэсэн салбаруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Тэрээр ногоон эрчим хүчийг өргөжүүлэх, цэвэр технологийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн тул дараах компаниуд өсөлт үзүүлэх магадлалтай:
- Tesla, Rivian, Lucid зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний эрэлт өсөхийн зэрэгцээ төрийн бодлогоор дэмжинэ.
- ChargePoint, Beam Global зэрэг цахилгаан автомашины цэнэглэгч станцуудын бизнес хөгжиж, хэрэглэгчид нэмэгдэх төлөвтэй байна.
- Нарны хавтан үйлдвэрлэл эрхэлдэг First Solar, Sunrun, Enphase Energy компаниудын сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх тул ашиг хүртэх боломжтой.
Үүнээс гадна, Камала Харрис анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд 25 мянга хүртэлх ам.долларын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлнө.
Энэ бодлого нь анх удаа орон сууц авч буй иргэдэд тус болохын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн компаниудын борлуулалтыг нэмэгдүүлэх чухалач холбогдолтой юм.
Хөрөнгийн зах зээл ба сонгуулийн жилүүдийн хамаарал
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн жилүүдэд хувьцааны зах зээл ерөнхийдөө эерэг чиглэлтэй байсаар ирсэн.
Хамгийн том хямралууд болох 2000 оны "dotcom" хөөсрөл болон 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг эс тооцвол уг индекс сонгуулийн жилүүдэд тогтмол өсөлттэй байв.
Жишээлбэл, 1960 оноос хойшхи бараг бүх сонгуулийн жилд "S&P 500 Index" өссөн байдаг. Энэ нь улс төрийн тогтворгүй байдал, эрсдэлтэй орчинд ч зах зээлийн тогтвортой байдал хадгалагдаж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Bloomberg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй