Намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийн талаар юу гэж тусгав?
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар МАН 68, АН 42, ХҮН 8, ИЗНН-с 4, ҮЭ 4 суудал тус тус авсан. УИХ-д олонх суудал авсан намууд хамтарсан Засгийн газрыг байгуулж, 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна.
Тэгвэл хамтарсан засгийн газарт орсон намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар юу гэж тусгасныг тоймлож байна.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс
3.4.1. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулалтыг татдаг болгох үүднээс төрийн өмчит болон баялгийн компаниудыг олон улсын бирж дээр чөлөөтэй хөрвөх, хөрөнгө оруулалт татах суурь болгон олон улсын бирж дээр бодлогоор гаргана.
3.4.2. Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулж, олон нийтэд нээлттэй компани болгох замаар олон нийтийн шууд хяналтад оруулж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ.
3.4.3. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцаат компаниудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаална.
3.4.4. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд үнэт цаасны давхар бүртгэл, хадгаламжийн бичгээр дамжуулан аль ч зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
3.4.5. Дотоодын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны төрөл нь давхцаагүй, өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэх гадаадын хөрөнгө оруулагчдад ногдох давхар татварын ачааллыг бууруулах хууль эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах орчныг бий болгоно.
АН-ын мөрийн хөтөлбөрөөс:
4.8.1. Хөрөнгийн зах зээлийн зөөлөн болон хатуу дэд бүтцийг гадаад зах зээлд нийцтэйгээр бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
4.8.6. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд шударга өрсөлдөөн бий болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.
5.5.9. Зах зээлд бодит хүү тогтоож, ипотекийн зээлийг үнэт цаасны зарчмаар хоёрдогч зах зээлд гарган гадаад, дотоодын, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ.
5.5.20. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгжүүдэд татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар 50,000 айлын түрээсийн орон сууцны фонд бий болгож, үнэт цаасны зах зээлтэй уялдуулан хөгжүүлнэ;
ХҮН-ын мөрийн хөтөлбөрөөс:
- Хөрөнгийн болон даатгалын салбарын зах зээлд суурилсан хөгжлийг дэмжих зорилгоор эрх зүйн орчныг сайжруулан, хөрөнгө оруулалт босгох боломжийг нэмэгдүүлнэ.
- Санхүү, даатгалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын сайн жишигт нийцсэн татварын бодлогыг хэрэгжүүлнэ. Гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулах, олон улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө татах боломж бүрдүүлнэ.
- Санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, активын чанарыг сайжруулах, дотоод, гадаадын санхүүгийн зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр татах нөхцөлийг бодлогын түвшинд бүрдүүлж, дэмжинэ.
- Тогтвортой болон ногоон санхүүжилтийг бодлогын түвшинд цогц байдлаар дэмжиж, ногоон бонд болон бусад ногоон санхүүжилтийн хэрэгслийг санхүүгийн зах зээлд түлхүү нэвтрүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
- Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ногоон санхүүжилтийг гадаад зах зээлээс татах нөхцөлийг сайжруулна.
- Зайлшгүй төрийн эзэмшилд байх шаардлагатайгаас бусад төрийн өмчит компаниудыг хувьчлах, үүн дотроо хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгон хувьчлах бодлогыг баримтална.
- Эдийн засгийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж арилжааны хуулийг батлан гаргах, шударга өрсөлдөөний болон, картелийн эрх зүй хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хөрөнгийн зах зээлийн, газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй