ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Алтны ханш өсөх уу? Буурах уу?
2024 он гарсаар алтны ханш 23.64% өсөж 2568 ам.долларт хүрснээр бүх цаг үеийн дээд ханшаа тогтоолоо.
Алтны ханш сүүлийн арван жилд жилд дунджаар 8.4%-ийн өсөлттэй байсан нь урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд үнэ цэнээ хадгалдаг хөрөнгө оруулалтхэвээр байна.
Алтны ханшийн өсөлт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч хэвээр байх боломжтой бөгөөд S&P 500 болон Nasdaq 100 индексүүдээс давсан үзүүлэлттэй байгаа юм.
2024 он гарснаас хойших гүйцэтгэл:
- Алт - 23.64%
- S&P 500 – 17.32%
- Nasdaq 100 – 17.04%
Макро эдийн засгийн нөхцөл байдал
- Төсвийн алдагдал
АНУ-ын төсвийн алдагдал энэ оны эцэст 2 их наяд ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 24%-иар өсөх магадлалтай байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын зээлжих чадвар, ам.долларын тогтвортой байдалд итгэл алдрах шалтгаан болдог. Тиймээс алт зэрэг аюулгүй хөрөнгө рүү шилжих хандлагатай байдаг.
- ХНС-ийн бодлогын хүү
Ирэх саруудад бодлогын хүү буурах төлөвтэй байна. Хүү үргэлжлэн буурах алт зэрэг хүү өгдөггүй хөрөнгө рүү мөнгөний урсгал чиглэх шалтгаан болдог. Энэ онд дэлхийн томоохон эдийн засагтай орнууд бодлогын хүүгээ 2-3 удаа бууруулаад байна.
- Геополитикийн эрсдэл
Геополитикийн хурцадмал байдал, зарим улс орны долларын нөлөөг бууруулах оролдлого нь алтны эрэлтийг нэмж байна. Хэрэв Trump АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол түүний ярьж буй тарифын заналхийлэл биеллээ олж, олон улс ам.доллароос ангид арилжаа хийх оролдлогоо өргөжүүлэх магадлалтай юм. Энэ нь алтны үнэ өсөх бас нэг шалтгаан болж магадгүй.
Техник шинжилгээ
- Дэмжлэг болон эсэргүүцлийн түвшин:
- Дэмжлэгийн түвшин: Дэмжлэгийн гол түвшин $2,400-$2,450 орчимд байсан ч одоо ханш 2566 ам.долларт байгаа учраас эхний дэмжлэгийн бүс 2530 буюу өмнөх оройн цэг болж байна.
- Зах зээлд хэт их худалдан авалтууд хийгдсэн учраас бага зэргийн засварын хөдөлгөөн орж дэмжлэг авснаар $2,600-$2,650 орчимд хүрэх магадлалтай байна.
- Moving Averages:
- Алтны богино хугацааны 50 өдрийн хөдөлгөөнт дундаж (MA50) нь урт хугацааны 200 өдрийн хөдөлгөөнт дундаж (MA200)-аас өндөр байгаа нь өсөлтийн хандлага үргэлжлэхийг илтгэж байна.
- Хэрэв ханш MA50 доош буухгүй бол өсөлтийн тренд үргэлжлэх өндөр магадлалтай.
- Relative Strength index (RSI):
- RSI нь 70-аас дээш гарах нь зах зээлд худалдан авалт их байгааг илэрхийлдэг. Одоогоор алтны RSI нь 75 орчим байгаа тул ханш богино хугацаанд бага зэрэг буурах магадлалтай. Гэхдээ урт хугацааны өсөлтийн хандлага хадгалагдах боломжтой.
Дүгнэвэл
Макро эдийн засгийн хүчин зүйлс болон техникийн үзүүлэлтүүдийг харгалзвал алтны үнэ урт хугацаанд өсөх магадлалтай байна.
Гэхдээ богино хугацаанд зах зээлд засварын хөдөлгөөн гарч, эхний дэмжлэгийн бүс 2,530 ам.доллар эсвэл $2,450 орчимд авах боломжтой. Урт хугацааны зорилтот түвшин нь $2,600-$2,650 хүрэх төлөвтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй