“GCC academy” -ийн 2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Голомт Капитал үнэт цаасны компанийн дэргэдэх GCC ACADEMY нь Golomt Capital Coachгэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, 6000 орчим хүнд хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг мэдээллийг олгоод байна.

 

 

Тус академийн 2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2024.09.21-ний бямба гарагт тохиож, бүтэн өдрийн турш танхимаар хичээллээ.

Энэ удаагийн сургалтад танхимын хүрэлцээнээс шалтгаалж түрүүлж бүртгүүлсэн 50 хүн хамрагдсан юм.

 

 

Суралцагчид Монголын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд, компанийн санхүүгийн эрүүл мэндийг шинжих, техник шинжилгээ, зах зээлийн техник үзүүлэлтүүд, арилжааны платформууд дээр хэрхэн ажиллах арга барилд суралцсанаас гадна өөрийгөө аль төрлийн арилжаачин болохыг таньж мэдсэн зэрэг мэдлэг, мэдээллийг авлаа.

 

 

Тус академи нь хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.

 

GCC ACADEMY2024 хичээлийн шинэ жилийн нээлтэд Зочин багшаар уригдаж, мэдлэгээ харамгүй хуваалцсан эдийн засагч  Н.Энхбаяр болон CFA Б.Хулан багш нартаа суралцагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.