Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо.
Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд тэмдэглэгдэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын эхний блок ашиглалтад орлоо.
Тус станц нь 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэх бөгөөд хоёрдугаар блок 2025 оны 10 сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна.
Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах боломж бүрдэх бөгөөд 1,040 байнгын ажлын байр шинээр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.
Энэхүү бүтээн байгуулалтад Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Бодь групп, Цэцэнс майнинг энд Энержи ХХК-ийн хамт олон гар бие оролцсон бөгөөд Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд “Бөөрөлжүүт” бондыг хөрөнгө оруулагчдад санал болгон 300 тэрбум төгрөг болон 50 сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлж, тус бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй