Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх боломжтой 33 талбай бий.
Өнөөдрийн байдлаар Засгийн газраас баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу 28 талбайд 31 гэрээлэгч ажиллаж байна.
Үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд Петрочайна Дачин Тамсаг ХХК, БХГ-97 талбайд Доншен Газрын тос (Монгол) ХХК, Матад XX талбайд Петроматад ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг явуулдаг.
Монгол Улсын газрын тосны нөөц
Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.789 сая тонн газрын тосны нөөц бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн байна.
Газрын тосны олборлолт, экспорт
Экспортолж буй газрын тосны тоо хэмжээ, чанарын шинжилгээг 2009 оноос Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлосон газрын тосонд хийж эхэлсэн.
Монгол Улс 1996-2022 онд нийт 75.98 сая баррель буюу 10.28 сая тонн тос олборлож, 72.81 сая баррель буюу 9.85 сая тонн газрын тосыг БНХАУ руу экспортолж 2.18 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Энэ онд
Үндэсний статистикийн хорооны аж үйлдвэрийн салбарын тайланд, Монгол Улсын 2024 оны эхний есөн сарын байдлаарх газрын тосны экспорт өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсныг тэмдэглэжээ.
Тодруулбал, 2023 оны мөн үед 3.7 сая баррель, харин энэ онд 3.1 сая баррель газрын тос олборлосон байна.
Газрын тосоо боловсруулах уу?
Манай улс боловсруулаагүй газрын тосоо БНХАУ руу экспортолдог. 2027 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа үйлдвэр ашиглалтад орвол түүхий тосоо боловсруулан 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд Тамсагийн бүс нутаг түүхий эдийн гол нөөц болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй