Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан коксжих нүүрсний анхны арилжаа амжилттай болов.
2022 онд батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн дагуу Монголын хөрөнгийн бирж ХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний 108 удаагийн цахим арилжааг зохион байгуулж, нийт 22,976,000 тонн нүүрсийг 9,215.4 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн стратегийн чухал ач холбогдолтой Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл 2022 онд эхэлсэн юм. Тэгвэл энэ оны 6 сард эхний шатны буюу жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод байна.
Улмаар энэ сарын 25-нд тус үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 2 багц, 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг Монголын хөрөнгийн бирж ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаагаар амжилттай арилжжээ.
Энэхүү арилжаа нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсний экспортыг өргөжүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал алхам боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй