Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 4.25%-4.5%-д хэвээр хадгаллаа.
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Фед) 2025 оны эхний мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 4.25%- 4.5% түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Трамп ба Фед
Тус хурлын өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп бодлогын хүүг бууруулахыг шаардаж, АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэх, олон улсын худалдааг тэнцвэржүүлэх, үйлдвэрлэлийг сэргээх замаар инфляцыг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн.
Харин ХНС-ийн шийдвэр түүний шаардлагад нийцээгүй тул тэрээр төв банкийг инфляцыг шийдвэрлэж чадаагүй гэж буруутгалаа.
Мөн банкны зохицуулалтыг Сангийн яамны хяналтад шилжүүлэхээ мэдэгдсэн ч энэ нь хуулийн хүрээнд боломжтой эсэх нь тодорхойгүй байна.
Фед-ийн дарга Жером Пауэлл Трампын мэдэгдэлд хариу өгөхөөс татгалзаж, Фед нь улс төрөөс ангид байж, эдийн засгийн өгөгдөлд үндэслэн шийдвэр гаргадаг учраас хараат бус байдал нь АНУ-ын иргэдийн итгэлийг хадгалах гол хүчин зүйл болдог гэж онцолжээ.
Цаашид ч Трамп Фед-ийн бие даасан байдалд нөлөөлөх оролдлогоо үргэлжлүүлж, хүүг бууруулах шахалт үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.
Фед-ийн шийдвэр хөрөнгийн зах зээлд
Фед-ийн шийдвэрийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл уналттай хаагдсан бөгөөд Доу Жонс индекс 137 пунктээр (-0.31%) унаж, S&P 500 -0.47%, Nasdaq Composite -0.51% -иар буурсан байна.
Хөрөнгө оруулагчид Фед-ийг ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулахгүй гэж үзэж байгаа бөгөөд гуравдугаар сард хүү буурах магадлал 31%-иас 22% болж буурчээ.
Зарим эдийн засагч ажил эрхлэлтийн өсөлт болон инфляц дахин өсөх эрсдэлээс хамааран Фед-ийг 2025 онд бодлогын хүүг өсгөх магадлал багатайг анхааруулж байна.
Хүүг буруулаагүйн шалтгаан
Жером Пауэлл хэлэхдээ, Фед 2024 онд хүүг 3 удаа бууруулсан ч сүүлийн саруудад инфляцын бууралт удааширсан тул хүүг нэмж буулгахгүй гэв. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, ажил эрхлэлт, инфляцаас хамаарч бодлогын хүүгийн шийдвэрийг гаргана гэж онцолжээ.
Фед-ийн мэдээлснээр хэдийгээр АНУ-ын инфляц 2%-ийн зорилтот түвшинд ойртсон ч бага орлоготой америкчуудын амьжиргааны өртөг өндөр хэвээр байгаа аж.
Ажилгүйдлийн түвшин 4.1% болж тогтворжсон ч ажил эрхлэлтийн өсөлт саарсан байна.
Жером Пауэлл цагаачлал өссөнөөр зарим салбарт ажиллах хүчний хомсдол буурсан, ажиллах хүчний хэрэгцээ багассан тул ажилгүйдлийн түвшин тогтворжсон гэж үзэж байна.
Фед “хүлээнэ”
Ерөнхийлөгч Трамп импортын өндөр тариф тогтоох, цагаачдыг олноор нь албадан гаргах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн нь эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж, инфляцад нэмэлт дарамт учруулж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна.
Фед-ийн зүгээс эдгээр бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дүгнэхэд эрт байна гэж үзэж байгаа учраас хүлээлтийн байр сууринаас хандаж, өөрчлөлтөд яарахгүй гэлээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй