ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах нөхцөл илүү таатай боллоо
2025 оны 4 дүгээр сарын 11-нд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны ээлжит хуралдаанаар ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээлд оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд санхүүжилт татах боломжийг өргөжүүлэх зорилгоор холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулав. Тухайлбал:
- ТОП-100 компанид анх удаа IPO хийхэд хөрөнгийн үнэлгээ заавал хийлгэх шаардлагагүй
- 1 жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх бондыг барьцаа, батлан даалт, андеррайтергүйгээр гаргах боломжтой боллоо
- Хувьцааг нийтэд санал болгон гаргах хүсэлтийг СЗХ ажлын 10 хоногт шийдвэрлэх зохицуулалт нэвтэрч байна.
Эдгээр өөрчлөлт нь дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх, санхүүгийн хувьд бэхжих, хөрөнгийн зах зээлээс давтан санхүүжилт татах суурь нөхцөл бүрдүүлэхэд түлхэц өгч, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.
Мөн хуралдаанаар олон улсын байгууллагууд Монголын бондын зах зээлд өрийн хэрэгсэл гаргах боломжийг нээсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д шинэ төрлийн бондыг бүртгэх зохицуулалтыг тусгаж, баталлаа. Ингэснээр дотоодын зах зээлд эрсдэл багатай, олон улсын стандартад нийцсэн шинэ санхүүгийн хэрэгслүүд бий болох боломжтой боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй