2025 оны алтны хөрөнгө оруулалтын стратеги
2025 оны 4-р сарын 11-ний өдөр дэлхийн алтны үнэ нэг унц нь 3,237.61 ам.доллар хүрч, түүхэн дээд түвшинг шинэчлэн тогтоолоо. Энэ нь ердөө нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 19%-иар өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын үеийн оргил болох 2020 оны $2,067-оос даруй 56%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Энэ огцом өсөлтийн гол шалтгаан нь геополитикийн тогтворгүй байдал болон төв банкуудын алт худалдан авалтын огцом нэмэгдэлт юм. 2024 онд төв банкууд нийт 1,037 тонн алт худалдан авсан нь сүүлийн 60 жилийн хамгийн өндөр түвшин болсон. Үүний зэрэгцээ, 2023 оны 10-р сард эхэлсэн Израиль-Хамасын зөрчил, 2022 оны ОХУ-Украины дайн, 2025 оны эхний улиралд АНУ-ын худалдааны тарифын бодлого зэрэг нь хөрөнгө оруулагчдыг улам ихээр аюулгүй хөрөнгө болох алт руу татсаар байна.
Алтны үнийн ирээдүйн төлвийг харвал дэлхийн томоохон банкууд нэмэлт өсөлт хүлээж буйгаа илэрхийлжээ. Goldman Sachs 2026 оны эхэн гэхэд алтны ханш 4,000 ам.долларт хүрнэ гэж мэдэгдсэн бол UBS 2025 оны эцсээр 3,500 ам.доллар болно гэсэн төсөөлөл гаргасан байна. Энэ нь одоогийн ханшаас дахин 8%–23%-ийн өсөлт гарах боломжтойг харуулж байна.
Харин богино хугацаанд алтны ханш хэлбэлзэлтэй байж болохыг ч анхаарах хэрэгтэй. Жишээ нь, 2025 оны 4-р сарын 4–11-ний хооронд алтны ханш 6.6%-иар өсч, долоо хоногийн дотор 200 гаруй доллароор нэмэгдсэн нь үнэ ямар хурдтай өөрчлөгдөж болохыг харуулж байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд эдгээр өсөлтийн тоон үзүүлэлтүүдээс дүгнэхэд — алтыг хөрөнгө оруулалтын сагсандаа багтаах нь эрсдэлээс хамгаалах сайн стратеги байх боломжтой. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар портфелийн 3–10%-ийг л алтанд хуваарилах нь хамгийн зөв арга. Хэт ихээр төвлөрүүлбэл богино хугацааны хэлбэлзлээс болж эрсдэл үүсэх магадлалтай.
Хөрөнгө оруулалтын хэлбэрийн хувьд, физик алт (гулдмай, зоос) авбал хадгалалт, даатгал, борлуулах үед үүсэх шимтгэл зардлыг анхаарах шаардлагатай. Харин SPDR Gold Shares, iShares Gold Trust зэрэг ETF-үүд нь илүү шингэн, хялбар хөрөнгө оруулалт бөгөөд физик алтаар баталгаажсан байх нь хамгийн чухал шалгуур юм. Хэрвээ та илүү эрсдэл хүлээх боломжтой бол VanEck Gold Miners, iShares Gold Producers зэрэг алт олборлогч компанийн хувьцаа нь өндөр өгөөжийн ч боломжит хувилбар байж болно.
Эцэст нь дүгнэхэд, 2025 онд алт нь эрэлтийг дагаж өссөн, ханшийн хувьд өндөр түвшинд байгаа ч инфляц, геополитикийн тогтворгүй байдал, төв банкуудын худалдан авалтын нөлөөгөөр урт хугацаанд үнэ цэнээ хадгалах хөрөнгө хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй