Хятадын эдийн засаг 2025 оны I улиралд 5.4%-иар өслөө
Хятад улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд 5.4% өссөн нь шинжээчдийн таамагласан 5.1%-аас давсан үзүүлэлт болж, 2024 оны сүүлээс эхэлсэн сэргэлт үргэлжилж байгааг харууллаа. Энэ өсөлт нь өргөн хүрээтэй төрийн бодлогын дэмжлэгтэй холбоотой гэж үзэж байна.
Гол үзүүлэлтүүд:
- 3-р сарын жижиглэн худалдаа жилийн өмнөхөөс 5.9% өссөн нь шинжээчдийн 4.2%-ийн таамгийг давж биелжээ.
- Аж үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 7.7% нэмэгдсэн нь 5.8%-ийн дундаж хүлээлтээс илүү гарсан.
Сөрөг хүлээлтүүд:
Хятадын Засгийн газар энэ жил эдийн засгийн өсөлтийг “ойролцоогоор 5%” байлгах зорилт тавьсан ч АНУ-тай өрнөж буй гаалийн татварын маргаан, дотоодын хэрэглээ сул байгаа нь энэ зорилтыг биелүүлэхэд саад болж магадгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараанд ногдуулсан нийт гаалийн татварын хэмжээ 145% хүрсэн бол Бээжин хариу болгож 125%-ийн татвар оноогоод байгаа юм. Энэ түвшний өндөр татвар нь Хятадын экспортод сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг хэд хэдэн хувиар бууруулах эрсдэлтэй гэж үзэж байна.
Morgan Stanley-ийн эдийн засагчид “хоёр орны хооронд ойрын хугацаанд хэлэлцээ хийх магадлал бага байгаа тул Хятадын эдийн засгийн өсөлт II улирлаас эрс саарах магадлалтай” гэж анхааруулжээ.
Урьдчилсан таамгууд:
- UBS банк Хятадын эдийн засгийн өсөлтийн таамгаа зөвхөн 3.4% гэж доошлуулсан нь голлох хөрөнгө оруулалтын банкууд дундаа хамгийн гутранги төсөөлөл болж байна.
- Тус банкны таамгаар, Хятадын АНУ руу хийх экспорт ирэх улирлуудад гурван хүн нэгээр буурч, нийт экспорт ам.долларын хэмжээгээр 10%-иар багасах төлөвтэй байна.
Хятадын эхний улирлын эдийн засгийн өсөлт хүчтэй гарсан ч АНУ-тай өрнөж буй гаалийн маргаан, экспортын бууралт, дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа зэргээс шалтгаалан Засгийн газар илүү хүчтэй дэмжлэгийн арга хэмжээ авах шахалтад орж байна. Цаашид эдийн засгийг экспорт, хөрөнгө оруулалтаас бага хамааралтай болгох зорилго бүхий бодлогын өөрчлөлтүүд гарах хүлээлт бий.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй