БНХАУ АНУ-д худалдааны хэлэлцээрийн нөхцөлөө танилцуулав
БНХАУ, Ерөнхийлөгч Дональд Трампын засагтай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн ч, АНУ-аас илүүтэй хүндэтгэлтэй хандлага, түүний танхимын гишүүдийн талаарх гутаан доромжилсон мэдэгдлийг зогсоохыг шаардаж байна
Бээжин АНУ-тай худалдааны бодлогыг илүү тууштай байлгахыг хүсч байгаа бөгөөд хориг арга хэмжээ болон Тайванийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн байна. Мөн Хятад улс АНУ-ыг хэлэлцээг удирдан явуулах нэг хүн томилохыг хүсч байгаа бөгөөд энэ хүн нь Трампын бүрэн дэмжлэгтэй, цаашид Трамп болон Си Жиньпин нарын гарын үсэг зурах боломжтой хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж чадах хүн байх шаардлагатай гэжээ. Хятадын талд хамгийн чухал зүйл нь АНУ уг хэлэлцээг хүндэтгэлтэйгээр явуулах явдал юм.
Энэ бүхэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс энэ сард “АНУ Хятадын тариачидтай худалдаа хийдэг” гэсэн мэдэгдэл хийсний дараа өрнөсөн. Тус үг нь Хятадын талаас олон эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Харин Мягмар гарагт Ерөнхийлөгч Трамп Хятадтай хэлэлцээ эхлүүлэхийн тулд өөр рүү нь утсаар холбогдохыг дахин уриалсан байна. Гэсэн ч АНУ-ын түрэмгий худалдааны бодлого нь Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинд энэ саналыг эрсдэлгүйгээр няцаах боломж олгож буй гэж ажиглагчид үзэж байна.
Хоёр орны худалдааны дайн нь дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондох зөрчлийг улам хурцатгаж, хөрөнгө оруулагчдын хамгийн их санаа зовж буй асуудлын нэг хэвээр байна. АНУ БНХАУ-ын импортоос 145 хувийн татвар авсны хариуд Хятад улс 125 хувийн хариу тариф ногдуулсан билээ.
Гэсэн ч Цагаан ордон сүүлийн үед Хятадаас импортолдог гар утас, компьютер зэрэг зарим электрон бараанд ногдуулах татварыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй