БНХАУ: КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ 3-Р САРД БУУРЧ, 4 САР ДАРААЛСАН УНАЛТ БОЛОВ.
БНХАУ 2025 оны гуравдугаар сард нийт 8.59 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сараас 2.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр тус улсын нүүрсний импорт дөрөв дэх сардаа дараалан буурч буйг харуулж байна.
Хятадын Гаалийн газраас мэдээлснээр нүүрсний импортын бууралтад улирлын шинж чанар, дотоодын нүүрсний олборлолтын өсөлт голлон нөлөөлсөн байна. Мөн гангийн үйлдвэрлэлийн сэргэлт удааширснаар коксжих нүүрсний эрэлт буурсан нь импортын хэмжээ хумихад нөлөөлжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, стратегийн нүүрсний нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор дотоодын олборлолтыг түлхүү дэмжихийн зэрэгцээ Австрали, ОХУ, Монгол зэрэг гол экспортлогч орнуудтай импортын харилцаагаа төрөлжүүлэх бодлого баримталж ирсэн. Гэсэн ч 2025 оны эхний улирлын тоон үзүүлэлтүүд нь коксжих нүүрсний зах зээлд эрэлт буурсан хэвээр байгааг илтгэж байна.
Аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын салбар дахь сэргэлт удааширсан нөхцөлд БНХАУ-ын нүүрсний импорт ойрын хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвгүй байгааг шинжээчид онцолж байна. Монгол Улсын хувьд, БНХАУ-ын нүүрсний импортын бууралт нь экспортын орлогод дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд урт хугацаанд зах зээлээ төрөлжүүлэх зайлшгүй шаардлага улам бүр нэмэгдэж буйг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй