ЕВРОПЫН ХОЛБОО APPLE БОЛОН META-Д 700 САЯ ЕВРОГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА
Европын Холбооны технологийн компаниудад хяналт тавих журам зөрчсөн хэмээн үзэж Apple (NASDAQ:AAPL) болон Meta Platforms (NASDAQ:META)-д их хэмжээний торгууль оноолоо.
Apple компани 500 сая евро буюу ойролцоогоор 570 сая ам.долларын торгууль хүлээж байгаа бол Meta-д 200 сая еврогийн шийтгэл ногдуулсан талаар Европын Комисс мэдээлжээ.
Комиссын мэдэгдэлд дурдсанаар, Apple нь App Store дээрх хөгжүүлэгчдийг өөр суваг руу чиглүүлэх, худалдаа хийх боломж олгох үүргээ биелүүлээгүй гэж үзжээ.
“Apple-ын тавьсан хэд хэдэн хязгаарлалтаас үүдэн хөгжүүлэгчид App Store-оос гаднах борлуулалтын сувгуудын давуу талыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа бол хэрэглэгчид ч хямд, өөр хувилбаруудаас мэдээлэл авч чадахгүй байна” хэмээн Комисс мэдэгдсэн байна.
Meta компанийн тухайд Facebook болон Instagram хэрэглэгчдэд хувийн мэдээлэл дээр суурилсан зар сурталчилгаанд зөвшөөрөл өгөх эсвэл заргүй хувилбарыг сар бүр төлбөр төлөн ашиглах сонголт өгдөг. Гэвч Комиссийн үзэж буйгаар, энэ нь Европын хэрэглэгчдийг нээлттэй, тэгш сонгох боломжоор хангаагүй гэжээ.
Комиссоос Apple болон Meta компанид хууль зөрчихөө зогсоох албан мэдэгдэл (cease-and-desist order) гаргаж, хоёр компанийг 2022 онд батлагдсан Digital Markets Act (Дижитал Зах зээлийн тухай хууль)-ыг зөрчсөн гэж дүгнэжээ. Тус хууль нь технологийн том компаниудын давамгай байдалд хязгаар тогтоох, өрсөлдөөн багатай зах зээлд жижиг тоглогчдыг дэмжих зорилготой юм.
Хуульд зааснаар торгуулийн дээд хэмжээ нь тухайн компанийн жилийн орлогын 10%-д хүрч болзошгүй ч, энэ удаагийн шийтгэл харьцангуй бага байв.
Apple энэ шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэж, Комиссийн шийдвэр нь шударга бус бөгөөд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, компанийн технологийг үнэ төлбөргүй ашиглуулахыг шаардаж байна гэж мэдэгджээ.
Meta компани уг шийтгэлийг Америкийн компаниудад чиглэсэн геополитикийн зэмлэл хэмээн дүгнэж, өмнөх долоо хоногт шийдвэрийг хойшлуулсан нь АНУ болон ЕХ-ны худалдааны хэлэлцээтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
Wall Street Journal-ийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг анх 4-р сарын 15-нд зарлахаар төлөвлөж байсан ч, тухайн өдөр ЕХ-ны Худалдааны комиссар Марош Шефчович АНУ-ын албан тушаалтнуудтай уулзаж, дараа нь Дональд Трамп болон Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нарын уулзалт болохоос өмнө хойшлогдсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй