БАФФЕТ ШИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ
2025 он гарсаар олон нэр хүндтэй хувьцаанууд уналттай байхад Уоррен Баффетын удирддаг Berkshire Hathaway компани 17 хувийн өсөлтөөр АНУ-ын зах зээлийн томоохон компаниуд дунд тэргүүлж байна. Харин S&P 500 индекс энэ хугацаанд 6 хувиар унасан бөгөөд Баффетын стратеги дахин онцгой үр дүн өгч байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татаж байна.
Ийм нөхцөлд шинээр гарч ирсэн VistaShares Target 15 Berkshire Select Income ETF нь Баффетын хөрөнгө оруулалтын онцгой аргыг дуурайсан төдийгүй, хөрөнгө оруулагчдад жилийн 15 хувийн орлого олгох зорилготой бүтээгдсэнээрээ онцлог юм. Уг ETF нь Berkshire Hathaway компанийн хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн 20 компанийн хувьцаа болон Berkshire Hathaway-ийн өөрийнх нь хувьцааг агуулсан. ETF доторх хамгийн их жинтэй эзэмшил нь Berkshire Hathaway (10.6%) бөгөөд үүний дараа Apple, Coca-Cola, American Express, Bank of America, Visa зэрэг Баффетын шилдэг хөрөнгө оруулалтууд орсон.
Олон жил ногдол ашиг тараадаггүйгээрээ алдартай Berkshire Hathaway-ийн хувьцаа нь урт хугацаанд өндөр өгөөж өгдөг ч, сар бүр тогтмол орлого хүсдэг хөрөнгө оруулагчдын хувьд хүндрэлтэй байж ирсэн. VistaShares энэхүү хэрэгцээг судалж үзээд, Баффетын хөрөнгө оруулалтыг дагасан ч, сар бүр мөнгөн орлого өгөх шинэ ETF-ийг гаргасан нь оновчтой шийдэл болжээ.
Энэ ETF нь "call option" буюу хувьцааны эрх зарж орлого олдог стратеги ашигладаг. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч бүрт сард 1.25 хувь, жилд нийт 15 хувийн орлого хуваарилна. Хэрвээ та 10,000 ам.доллар оруулсан бол жилд 1,500 ам.доллар, сар бүр 125 ам.доллар авах боломжтой гэсэн үг юм.
Berkshire Hathaway нь зөвхөн 2025 онд биш, сүүлийн 5 жилд S&P 500-ийг хоёр дахин давах 185 хувийн өгөөжийг үзүүлсэн нь энэхүү ETF-ийг урт хугацааны өсөлт болон тогтмол орлогыг хослуулсан онцгой санхүүгийн хэрэгсэл болгоод байна. Зах зээл савалгаатай, хөрөнгө оруулагчид чанартай хувьцаанд хандаж буй энэ цаг үед VistaShares-ийн "Баффет шиг хөрөнгө оруул, бас орлого ав" гэсэн шинэ санаачилга анхаарал татахуйц болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй