TEMU: АНУ-ЫН ХЭРЭГЛЭГЧДЭД 145%-ИЙН ИМПОРТЫН ТӨЛБӨР НЭМЖ ЭХЭЛЛЭЭ
Хятадын цахим худалдааны Temu компани АНУ-д хүргэгдэх захиалгууддаа дунджаар 145 хувийн "импортын төлбөр" нэмсэн тухай мэдээлжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон шинэ тарифын үр дагавар юм.
Жишээлбэл, Temu дээр 18.47 ам.доллараар зарагдаж буй зуны даашинзны хувьд 26.21 ам.долларын импортын төлбөр нэмэгдсэнээр нийт үнэ 44.68 ам.доллар болж, анхны үнэтэйгээ харьцуулахад 142 хувиар өссөн байна. Харин Temu-ийн гол өрсөлдөгч Shein үнээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн ч импортын төлбөрийг одоогоор шууд нэмээгүй байна.
Трампын зарласан шинэ бодлогоор Хятадаас АНУ-д импортлогдох бүтээгдэхүүнүүдэд 145 хувийн тариф ногдуулах бөгөөд 2025 оны тавдугаар сарын 2-ноос “de minimis” буюу 800 ам.доллараас доош үнэтэй барааг татваргүй оруулах нөхцөлийг цуцлах юм. Энэ хөнгөлөлт нь Temu, Shein зэрэг хямд үнийн стратегитай компаниудын АНУ дахь өсөлтийг дэмжиж ирсэн билээ.
Temu компанийн мэдэгдсэнээр, “Сүүлийн үеийн олон улсын худалдааны дүрэм, тарифын өөрчлөлтөөс шалтгаалан манай үйл ажиллагааны зардал нэмэгдсэн. Бид бүтээгдэхүүний чанарыг хадгалж, хэрэглэгчдэдээ үргэлжлүүлэн үнэ цэнтэй бараа хүргэхийн тулд 2025 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн үнийн зохицуулалт хийх болно” гэжээ.
Temu-ийн хамгийн том давуу тал нь өрсөлдөхүйц хямд үнэ байсан. Гэвч нэмэгдсэн импортын төлбөр болон үнийн өсөлт нь тус компанийн бүтээгдэхүүний үнийг Amazon, Walmart, Target зэрэг АНУ-ын томоохон өрсөлдөгчдийн түвшинд ойртуулж буй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй