АНУ, ИХ БРИТАНИ ХУДАЛДААНЫ ШИНЭ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн худалдааны дайн өрнүүлснээс хойш анхны хэлэлцээрээ зарлалаа. Энэ нь Их Британитай байгуулж буй хязгаарлагдмал хүрээний гэрээ бөгөөд зарим бараа бүтээгдэхүүнд, тухайлбал автомашин болон хөдөө аж ахуйн салбарт худалдааны саад бэрхшээлийг бууруулах боловч олон зүйл тодорхойгүй хэвээр үлдсэн байна.
“Энэ бол хоёр улсын хувьд гайхалтай, түүхэн ач холбогдолтой худалдааны гэрээ” хэмээн Трамп Цагаан ордны танхимд мэдэгдэв. Харин Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер тус арга хэмжээнд утсаар холбогдон “Өнөөдөр бол үнэхээр түүхэн өдөр” гэж онцлон хэлжээ.
“Эцсийн нарийн зүйлсийг одоогоор боловсруулж байгаа бөгөөд ирэх хэдэн долоо хоногийн дотор бүрэн дуусна” хэмээн Трамп нэмж дурдсан байна.
Харин энэ гэрээнд өөрчлөгдөөгүй нэг гол зүйл бол Трампын өмнө нь дэлхийн ихэнх оронд ногдуулсан 10 хувийн үндсэн тариф юм. Энэхүү тариф үргэлжлэн хүчин төгөлдөр байх ажээ.
Гэрээний гол агуулга нь зорилтот салбаруудад татварыг бууруулахад чиглэсэн бөгөөд үүний дагуу АНУ Их Британид үйлдвэрлэсэн ган бүтээгдэхүүнд ногдуулж байсан 25 хувийн татварыг тэг болгож, автомашины экспортын татварыг 27.5 хувиас 10 хувь болгон бууруулах талаар Их Британийн талаас мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй