БИТКОЙН ДАХИН БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ХАНШИД ХҮРЛЭЭ
Биткойн энэ оны нэгдүгээр сард тогтоосон түүхэн дээд амжилтаа дахин шинэчилсэн нь крипто зах зээлд шинэ эрин үе эхэлж буйг илтгэв. АНУ дахь татварын дарамт, төсвийн алдагдалтай холбоотой эрсдэлээс зугтсан хөрөнгө оруулалт алт болон биткойны ханшийг зэрэг өсгөхөд нөлөөлжээ.
Тодруулбал, энэ сард биткойны ханш 16 хувиар өслөө. Мөн Биткойн дагасан ETF буюу биржээр арилжаалагддаг сангуудын нийт хуримтлал 400 тэрбум ам.долларыг давав. Энэ нь эрэлт нэмэгдэж буйг илтгэхээс гадна хоёрхон өдөр л сангуудаас хөрөнгө гарсан гэж SoSoValue-аас мэдээлсэн байна.
Харин Bitcoin Treasuries-ээс 2025 оны эхнээс олон нийтэд нээлттэй компаниудын эзэмшдэг биткойны хэмжээ 31 хувиар нэмэгдэж, нийт 349 тэрбум ам.доллар буюу нийт биткойны 15 хувийг бүрдүүлж буйг мэдээлжээ.
Nexo компанийг хамтран үүсгэн байгуулагч Антони Тренчев “АНУ-ын инфляц буурч, АНУ ба Хятадын худалдааны зөрчил намжсан. Энэ нь эрсдэлээс зайлсхийсэн хөрөнгө оруулагчдыг биткойн зэрэг үнэ цэнээ хадгалах алтернатив хөрөнгө оруулалт руу чиглүүллээ. Мөн Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь нэмэлт түлхэц болсон” гэв.
Хөрөнгө оруулагчид зохицуулалтын орчны шинэчлэл, корпорацуудын сангийн хөрөнгө оруулалт нь цаашид биткойны ханшийг өсгөнө гэж үзэж байна.
Тодруулбал, АНУ-ын Сенатаас стейблкойн буюу тогтвортой койнуудыг зохицуулах анхны хуулийг боловсруулж эхэлсэн байна. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Дональд Трамп 8 сараас өмнө батлуулахаар зорьж буйгаа илэрхийлсэн нь крипто зах зээлийн түүхэнд томоохон өөрчлөлт авчрахаар байгаа юм.
Мөн энэ сард АНУ-ын крипто арилжааны тэргүүлэгч платформ болох Coinbase компани S&P 500 индексэд багтсан. Энэ нь Уолл Стрийтийн зүгээс крипто зах зээлийг хүлээн зөвшөөрч, нэр хүнд нь өсөж, хөрөнгө оруулалтын орчин шинэ түвшинд гарч байгаагийн илрэл боллоо.
Ийнхүү биткойны ханг шинэ дээд түвшинд хүрсэн нь зөвхөн ханшийн огцом өсөлт биш, харин дэлхийн санхүүгийн тогтолцоонд өөрчлөгдөхүйц томоохон дохио болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй